Tuesday, September 22, 2015

Эдийн засагч Б.Батжаргал: Эдийн засгийн хямрал 2009 оныхоос ч дордож магадгүй
Монгол гэх айлын жилийн орлого оны эцэс гэхэд нэг трилион төгрөгөөр тасарч болзошгүй. Энэ хэмжээний орлогоо алдсан бид ирэх онд яаж алдагдалаа нөхөх вэ, мөн бусад улс оронд тавьсан өрөө хэрхэн төлөх вэ, цалин тэтгэвэрээ тавих санхүүжилтээ яаж бүрдүүлэх вэ гээд олон асуудал бидний өмнө тулгарч байна. Тэгвэл энэ сэдвээр эдийн засагч Б.Батжаргалтай ярилцлаа. Тэрээр 1996 оноос хойш 10 гаруй жил Сангийн яаманд ажиллаж, улсын нэгдсэн төсвийг боловсруулж байсан туршлагатай эдийн засагч юм. 

Ирэх оны улсын нэгдсэн төсвийн төслийг 10-р сарын 1 гэхэд УИХ-д өргөн барина. Эдийн засгийн хүндрэлтэй энэ үед бид улсын нэгдсэн төсвийн төслөө боловсруулахдаа юун дээр анхаарах ёстой вэ?
Монгол улсын төсөв, санхүүгийн бодлогын суурь шинэчлэлүүдийг хууль зүйн хүрээнд хийсэн. Хамгийн гол шинэчлэл нь 2011 онд Төсвийн тухай хуулийг шинэчилж гаргасан. 2010 онд Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг батласан. Энэ хоёр хуулийн гол агуулга нь юу байсан бэ гэхээр манайх шиг түүхий эдийн үнээс хамааралтай, жижиг эдийн засагт төсвийн ямар бодлого баримтлах ёстой вэ гэдгийг тусгаж өгсөн. Харамсалтай нь сүүлийн гурван жилийн хугацаанд энэ хуулийг удаа дараагаар зөрчөөд, зөрчихийн хажуугаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах замаар үндсэн зарчимыг гажуудуулж ирсэн.  Үүний хамгийн том жишээ бол улсын өртэй холбоотой асуудал. Улсын өрийн хязгаарыг тогтоохдоо эдийн засгийн үндсэн шинж чанар, хамгийн чухал анхаарах асуудлуудыг тодорхойлж байгаад түүн дээр үндэслээд тусгай загвар боловсруулж, дээрхи хуулиудыг батласан. Мэдээж ямар нэг бизнес эрхлэгч, эсвэл аль нэг улсын засгийн газар зээл авах нь тодорхой. Гэхдээ ямар хязгаарт багтаж авах вэ гэдэг нь хамгийн чухал байдаг.  Ингээд  дээрхи хоёр хуулиа батлаад хэрэгжүүлээд явж байтал сүүлийн 3 жилийн хугацаанд Төсвийн тухай хууль, Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн агуулга үндсээрээ алдагдсан. Яагаад хууль эрхзүйн асуудлыг ярих хэмжээнд тулсан бэ гэхээр өнөөдрийн байдлаар Монгол улсын төсвийн нийт тэнцэл 800 орчим тэрбум төгрөгний алдагдалтай байна. 800 тэрбум төгрөг гэдэг бол улсын төсвийн тухайд аваад үзвэл их хэмжээний санхүүгийн эх үүсвэрийн дутагдал үүсэж байна гэсэн үг.
2014 онд төсөв хэлэлцэх үед улсын төсвийн алдагдлыг 430 гаруй тэрбум төгрөг гэж тооцож байсан. Гэтэл одоо 800 гаруй тэрбум төгрөгийн алдагдалтай болсон байна.
Энэ алдагдлын учир шалтгааныг эхлээд маш зөв тодорхойлох хэрэгтэй. Учир шалтгаанаа зөв тодорхойлчихвол түүнээс гарах арга зам зөв болно. Энэ их хэмжээний төсвийн алдагдал үндсэндээ бол хоёр учир шалтгаантай. Нэг нь гадаад хүчин зүйлээс хамаарсан. Нөгөөдөх нь дотоод хүчин зүйлээс хамаарсан. 2013, 2014 оны тухайд аваад үзвэл дотоод хүчин зүйлээс хамаарсан төсвийн алдагдал их байсан. 2015 онд дотоод дээр нэмэх нь гадаад хүчин зүйл гэсэн хоёр сөрөг үр дагавар хоёулаа төсөв дээр гарч ирж байна. Манай эдийн засаг цөөхөн түүхий эдээс хамааралтай, тун эмзэг эдийн засаг. Үндсэндээ манай экспортын 90 хувь уул уурхайгаас хамаарч байна. Өөрөөр хэлбэл манайд орж ирж байгаа гадаад валютын нөөцийн 90 хувь нь уул уурхайгаас орж ирж байна гэсэн үг. Уул уурхай дотроо юу эзлэж байна вэ гэхээр ердөө гуравхан зүйл. Зэс, төмрийн хүдэр, нүүрс. Энэ гурвын үнэ гурвуулаа унасан. Дэлхийн зах зээл дээрх үнийн бууралт бусад улстай харьцуулахад манайд шууд 100 хувь нөлөөгөө үзүүлж байна гэсэн үг. Ингээд дотоод учир шалтгаан бодлогын алдаанаас үүссэн эдийн засагт үзүүлж байгаа үр дагавар нь төгрөгийн ханшны суларлаар илэрч байна. Үүнийг зарим эрх баригчид доллар өсөж байна гэж буруу тайлбарладаг. Доллар бусад валюттай харьцуулахад бага зэрэг өсөж байгаа бол төгрөгийн ханш асар хурдтай унаж байна. Доллар нь ч хөдлөж байдаг. Төгрөг нь ч хөдлөж байдаг. Хоёр жилийн өмнөхтэй харьцуулахад төгрөгийн доошоо чиглэсэн хөдөлгөөн асар хурдтай 40 орчим хувиар унаж байна. Манай эрх баригчид, ялангуяа улсын их хурлын зарим гишүүд гадаад урсгал тэнцлийн алдагдал багасаж байгаа, гадаад худалдааны алдагдал багасаж байна гээд яриад байдаг. Гэтэл үнэн хэрэг дээрээ энэ нь эдийн засаг агшиж байгааг харуулаад байна.
Яах аргагүй УИХ-ын зарим гишүүд эдийн засаг тэгтлээ муудчихаагүй, өмнө нь үүнээс хүнд үе байсан гэж хэлдэг. Үнэхээр бид өмнөх хямралын үеүүдээс арай гайгүй байна уу?
Нэгдүгээрт албан ёсны тоон мэдээ, тооцоо судалгаан дээр үндэслэж ярих хэрэгтэй. Тэрнээс биш өмнөхтэй харьцуулахад гайгүй, тэгтлээ муудаагүй зэргээр хариулт өгөх боломжгүй. 1990 онтой огт харьцуулах хэрэггүй. Яагаад гэвэл тэр цаг үе маш онцгой, харьцуулах боломжгүй нөхцөл байдал байсан. Аливаа улс оронд тохиолдож болох хамгийн хүнд үе гэж хэлж болно. 2009 оны хямрал бол дэлхийн санхүүгийн хямралаас үүдэлтэй. Энэ хямрал нь манай улсын эдийн засгийн үндсэн бүтцийг маш тодорхой харуулаад, түүнээс хэрхэн гарч болох вэ гэдэг арга замыг оновчтой тодорхойлж өгсөн.  Одоогийн эдийн засгийн нөхцөл байдлыг 2009 онтой харьцуулах хэмжээнд хүрээгүй байна гэдэгтэй би санал нийлэхгүй байна. 2009 онд төгрөгийн ханш 42 хувь унасан. Инфляци миний санаж байгаагаар 17 хувь хүрч нэмэгдсэн. Хэдийгээр одоо инфляци төдийлөн нэмэгдэхгүй байгаа ч, төгрөгийн ханш асар хурдтай унаж байна. Үүний гол шалтгаан нь мөнгөний бодлоготой холбоотой. Өөрөөр хэлбэл төв банк төдийлөн их хэмжээгээр мөнгөний хатуу бодлого явуулахгүй байна.  Үндсэндээ ингээд дүгнээд хэлэх юм бол эдийн засаг 2009 оны хэмжээнд хүртлээ муудаж, агшиж байна. Цаашдаа нөхцөл байдал гурав, дөрвөн сар энэ хэвээрээ үргэлжилбэл 2009 оны хямрал, түүнээс ч долоон дор нөхцөл байдал бий болно. Энэ удаагийн хямрал гадаад нөхцөл байдал сайн байх үед, мөнгөний хэт нийлүүлэлтээс шалтгаалж бий болсон. Дотоод эдийн засгийн үндсэн тэнвэр алдагдсан. Үүн дээр нэмээд гадаад нөхцөл байдал нөлөөлсөн. Цаашдаа энэ хэвээрээ байвал 2009 он, түүнээс ч илүү хямрал руу дөхөж байна.
Бодлого боловсруулагчид гурав, дөрөвхөн сарын дотор арга хэмжээ авна гэдэг итгэл харагдахгүй байна. Сонгуулийн өмнөх жил ямар нэг ажил урагшилдаггүй бичигдээгүй хууль тогтчихсон байдаг шүү дээ?
Ерөнхийдөө манай эдийн засгийн 40 гаруй хувийг төсвийн бодлогоор, үлдэж байгаа 60 хувийг  мөнгөний бодлогоор зохицуулдаг. Тэгэхээр нийт эдийн засгийн 40 гаруй хувийг зохицуулж байгаа төсвийн бодлого дээрээ маш онцгой арга хэмжээ аваад, тодорхой бодлого хөтөлбөр дэвшүүлээд зөв арга хэмжээ авах юм бол тодорхой хэмжээний эерэг үр дүн гарах боломжтой. Яагаад гурав, дөрвөн сар гэж хэлж байна вэ гэхээр аравдугаар сард  УИХ, ЗГ дээр улсын нэгдсэн төсөв хэлэлцэж эхлэнэ. Энэ төсөв арванхоёрдугаар сараас өмнө батлагдах ёстой.  Тэгэхээр энэ хооронд дараа жил эдийн засгаа ямар байлгах вэ гэдэг төсвийн бодлого, мөнгөний бодлого хоёулаа улсын их хурал дээр яригдана. Харамсалтай нь манай улсын их хурлын гишүүд энэ дээр төдийлөн ач холбогдол, анхаарал тавихгүй байсаар 2013, 2014 оныг өнгөрөөсөн. Ийм байдал энэ онд давтагдах юм бол дараа жил байдал илүү хүндэрнэ.
Илүү хүндэрнэ гэхээр ямар байна гэсэн үг вэ?
Иргэн хүний амьдрал дээр аваад үзэх юм бол нэрлэсэн цалин нь 2013 онд 500 мянган төгрөг байя гэж бодъё. 2014 онд нэрлэсэн цалин нь 520 мянга, 2015 онд 540 мянга болж нэмэгдлээ гэж тооцъё. Гэтэл бодит байдал дээр төгрөгийн ханшны уналт, инфляцийн өсөлттэй холбоотойгоор дээрхи нэрлэсэн цалин 480 мянга, 450 мянга, 400 мянган төгрөг рүү буучихаж байгаа байхгүй юу. Тэгэхээр иргэдийн бодит орлого улам буурна. Худалдан авах чадвар багасна. Импорт үнэтэй болно. Энэ хэмжээгээр импортын хэмжээ багасна. Энэ нь цаашаа санхүүгийн салбар луу нөлөөлж эхлэнэ. Яагаад гэвэл сүүлийн жилүүдэд ипотекийн зах зээл дээр асар их хэмжээний нийлүүлэлт хийсэн. Барилга их баригдаж их хэмжээний нийлүүлэлт үүссэнээс шалтгаалж, ард иргэд их хэмжээний байрны зээл авсан. Тэгэхээр бодит орлого нь багасаад ирэхээр иргэд байрны зээлээ төлж чадахгүй байдалд хүрнэ. Ингэснээрээ ипотекийн зах нь асуудалд орно. Ипотекийн зах дээр асуудал үүсээд ирэхээр санхүүгийн салбараа тэр чигээр нь татаад унагаачихна. Сүүлийн жилүүдэд чанаргүй зээлийн үлдэгдэл төдийлөн хурдацтай нэмэгдээгүй байсан бол сүүлийн үед асар хурдацтай нэмэгдэж байгаа нь статистикаас харагдаж байна. Энэ агуулгаараа бол эдийн засагт үүсэх хямрал нь буцаад санхүүгийн салбараа чирэх ийм аюул харагдаж байна.
Ярицлага эхлэхээс өмнө та ангал руу яваад байна шүү дээ гэж хэлж байсан. Тэгвэл дээр дурдагдаж байгаа бүхэн ангал, сүйрэл болж байна уу? Энэ яг эцсийн цэг нь үү?
Яахав, ангал сүйрэл гэдэг нь ярианы хэллэг. Эдийн засгийн хямрал гэдэг нэр томъёо руу шууд дөхөж очиж байна гэсэн үг. Өөрөөр хэлбэл яг бодитойгоор тооцвол дотоодын нийт бүтээгдэхүүн, нийт үйлдвэрлэл хасах руугаа ороод, инфляци хурдтай өсөөд, төгрөгийн ханш улам унана. Эдийн засгийг машинтай зүйрлэх юм бол хурд нь саараад, зогсоод, эд анги нь муудаж эхлэж байна гэсэн үг. Ийм л нөхцөл байдал руу орно.
Үүн дээр нэмээд  манай улс өнөө олон бондынхоо өрөө төлнө, хүүгээ төлнө гэдэг асуудал гарч ирнэ.
Үндсэндээ бол 2017 оноос эхлээд хэд хэдэн төлбөр төлж эхлэнэ. Нэгдүгээрт хөгжлийн банкны эхлээд авсан 600 сая америк доллар, түүн дээр нэмээд Чингис бондынх, дараа нь ахиад Хөгжлийн банкны японоос авсан 400 сая доллар, тэгээд манай бусад гадаад төлбөрүүд, мөн уул уурхайн томоохон компаниудын дүрмийн санд хувьцаагаараа оруулсан хөрөнгө оруулалтад ногдох санхүүжилт шаардлагатай болно. Энэ нь нэмэгдээд ирвэл маш том дарамт болох юмаа. Энэ дарамтыг бид хүний өмнө хүлээчихсэн, өгнө гээд амлачихсан байна. Гэтэл нөгөө талаасаа манай улсад орох орлого багасаад байдаг. Ингээд хоёр зүйл хоёулаа манай улсын эсрэг хөдөлгөөнтэй байна. Нэг талдаа орлого буураад байдаг, нөгөө талдаа өр их хэмжээгээр төлөгдөх гээд байдаг. Үүнээс л сэргийлж Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд Монгол улсын өнөөгийн үнэ цэнээр тооцсон гадаад өр 40 хувиас хэтрэхгүй гэдэг заалт оруулж өгсөн байсан. Яагаад гэвэл манай улсын эдийн засаг их эмзэг. Цөөхөн хэдхэн ашигт малтмалын бүтээгдэхүүн дээр зогсож байдаг.  Энэ үнэ хөдлөвөл бид аль цэг хүрч зогсоод цаашаа амьд явж чадах юм бэ гэдэг тооцоог хийж хуулиа батлаж байсан. Гэтэл одоо тоглоом шоглоом гэдэг шиг яг бодит байдал дээр ашигт малтмалынх үнэ унаад, манай гадаад өр 60 орчим хувьд байна.  Тэгэхээр энэ үйл явдлаас манай улс бодлогын хэмжээнд сургамж авах ёстой. Бид 2015 оны төсвөө боловсруулахдаа мөнгөний бодлогын эргэлт гаргаж чадахгүй бол 2009 оныхоос ч илүү гүнзгий хямрал урт хугацаанд үргэлжлэх суурь тавина гэсэн үг.
Бодлогын эргэлт гэхээр юу хийнэ гэхээр томоохон өөрчлөлт хийнэ гэж ойлгож байна. Гэхдээ яг юу вэ? 
Одоо эдийн засгийг хувь хүнтэй зүйрлэх юм бол орлого багассан байна. Орлого багассан учир зарлагаа багасга. Нөгөө талаар зайлшгүй хүний өмнө хүлээчихсэн үүрэг, өр төлбөр байгаа бол түүнийгээ барагдуулах шинэ эх үүсвэрийг ол. Эсвэл өрийг дахин санхүүжүүлэх маш оновчтой хувилбарууд руу ор. Энэ бол зайлшгүй гарц юм шиг л харагдаж байна. Гэхдээ өрийг дахин санхүүжүүлнэ гэдэг бол маш муу хувилбар.
Дахиад л зээл авна гэсэн үг биз дээ?
Өрийг өрөөр санхүүжүүлнэ гэсэн үг. Хувь хүн дээр аваад үзэхэд Хаан банкны зээлээ төлөхдөө Голомт банкнаас зээл аваад өгчихнө гэсэн үг. Бүхэл бүтэн улс орны хувьд өрийг дахин санхүүжүүлэх боломж байдаг. Гэхдээ аль хүртлээ явах нь тухайн улсын тусгаар тогтнолтой тэнцэж байж зогсдог. Грекийг хар, Тажикастаныг хар. Тэгэхээр өрийг дахин санхүүжүүлнэ гэдэг бол хамгийн муу хувилбар. Тиймээс өрийг дахин санхүүжүүлэх хэмжээнд хүрч болохгүй гэдэг бүх хувилбаруудыг тооцож Төсвийн тогтвортой байдлын хуулийг боловсруулсан боловч харамсалтай нь энэ хуулийг зөрчсөн.
Өр дахин санхүүжүүлэхгүй тулд орлогын шинэ эх үүсвэр бодож олох хэрэгтэй юм байна. Тэгвэл уул уурхайн бүтээгдэхүүний үнэ унасан ийм үед манай улсын хувьд ямар боломж байна вэ?  
Хувь хүнтэй яг адилхан. Байж болох бүх л аргыг хэрэгжүүлнэ. Нэн тэргүүнд зарлагаа хасна. Би орлогоо олж чадахгүй бол зарлагаа бууруулна. Идэхээ багасгана, түрээсийн байранд байсан бол гэр хороололд очиж амьдарна гэх мэт. Энэ мэтээр нэн тэргүүнд авч хэрэгжүүлэх арга хэмжээ бол төсвийн зарлагыг ойролцоогоор нэг трилионоос илүү хэмжээгээр хасах зайлшгүй шаардлагатай болчихоод байна.
2015 оны 1-р сард МҮОНР “Төсвийн зардлыг хэмнэх гарц” сэдвээр хэлэлцүүлэг зохион байгуулж байсан. Тухайд үед УИХ-ын гишүүд зардлаа танах хэрэгтэй, бүсээ чангалах хэрэгтэй гэж маш их ярьж байсан. Түүнээс хойш 9 сарын хугацаа өнгөрлөө. Зардлаа үнэхээр танаж чадсан уу?
Нэгдүгээрт тэр үед ярьж байсны дагуу УИХ-ын гишүүд төсвийн зардлаа хасаж батлаагүй. Юу гэмээр ч юм бэ дээ. Бид нар бодлогоо буруу, сэтгэлгүй улсуудад бариулчихжээ гэдэг нь маш тод харагдаж байна. Өнөөдөр би л энэ суудалд сууж байвал жилийн дараа, хоёр жилийн дараа яах нь надад падлийгүй гэдэг сэтгэлээр хандаж байна. Тэр үед ярьж байсан зүйл тэр үедээ хэрэгжээгүй. Тухайн үед 600-700 тэрбум төгрөгөөр зардлаа танах тухай ярьж байсан. Гэтэл одоо гадаад нөхцөл байдал нэмэгдээд трилионоор алдагдал хүлээх тухай, энэ хэмжээгээр зардлаа танах тухай яригдаж байна шүү дээ. Аливаа өвчнийг эрт л эмчлэхгүй бол улам даамжирдаг гэдэгтэй яг адилхан дүр зураг гарч ирж байна.
Тэгвэл одоо ирэх оны улсын нэгдсэн төсвийн төслөө хэлэлцэхдээ нэг трилионоор зардлаа танаж чадах болов уу? Улс төрийн нөхцөл байдал их нөлөөлөөд байна уу?
Тийм, улс төр гэдэг тодорхой нэг хил хязгаартай баймаар байна.  Одоо бол ямар ч хил хязгааргүй болчихлоо.  Аль ч салбарт мэргэжилтнүүдийнхээ үгийг сонсдоггүй байдал сүүлийн 3-4 жил үнэхээр хавтгайрсан байна. Гэтэл нөгөө улс төрчид гээд байгаа улсууд өөрсдөө ямар ч ойлголт байхгүй, мэдэхгүй байна. Тэгээд хэвлэл мэдээллээр ярихаараа хүмүүсийн энд тэнд ярьсан юмыг холиод ярьчихдаг.  Зурагтаар ярьж байгааг нь харахаар ам нь хөдлөөд яриад байдаг. Гэтэл цаанаа ямар ч агуулга, ул суурь, үндэслэл байхгүй юм яриад л байдаг.
Та есөн сарын өмнө нь өгч байсан ярилцлагадаа эдийн засгийн хүндрэлтэй цаг үед татвар нэмэхгүй байх бодлого боловсруулах ёстой гэж хэлж байсан. Гэтэл түүнээс хойш татварууд нэмэгдээд байна. Таны байр суурь ямар байна вэ?
Ер нь бол татвар гэдэг агуулгаараа эдийн засгийн хямралын үед нэмэх нь утгагүй зүйл. Өөрөөр хэлбэл тухайн хүнд тохирсон ачаа гэж бий. Надад 40 кг ачааг 500 метр аваад явах боломж байна. Гэтэл миний бие муу байхад, 40 кг ачаагаа аваад яв гэж хэлж болохгүйтэй адил хямралын үед татвар нэмэх буруу. Харин орлогын эх үүсвэрээ нэмэх тухай асуудал байж болно. Өөрөөр хэлбэл цуглуулж чадахгүй байгаа орлогын эх үүсвэр олон байна гэж би харж байна. Авах ёстой орлогоо цуглуулах тал дээр зөв ажиллах ёстой. Татварын орлогоо цуглуулахдаа авах ёстой татвараа авч чадахгүй байна. Ялангуяа асар их хэмжээний орлого олдог салбарууд болох архи, тамхинаас татвар авах хэрэгтэй. Миний мэдэж байгаагаар сүүлийн 7-8 жил архин дээр ногдуулж байгаа татвар маш бага байна. Мөн ихээхэн ашиг өндөртэй ажиллаж байгаа уул уурхайн компаниудаас татвар цуглуулж чаддаггүй байсан. Одоо эдийн засаг хямарчихсан учраас авах ёстой авлагаа хэрхэн зөв оновчтой барагдуулах вэ гэдэг дээр арга хэмжээ авах шаардлагатай. Үүнээс гадна өөр орлогын ямар эх үүсвэр байна вэ, бүгдийг нь дайчлах ёстой.
Дахиад л таны өмнөх ярилцлагаас иш татая. Иргэдийн бодит орлогыг хамгаалахын тулд ажлын байртай байлга, цалинг нь нэмэгдүүлэх хэрэгтэй гэж та өмнө нь хэлж байсан. Гэтэл төрийн албан хаагчдын цалинг 25 хувиар танаж магадгүй гэх мэдээлэл сонсогдоод байна. Таны ярьж байснаас эсрэгээрээ хэрэгжээд байна.
Яахав, хоёр талтай асуудал. Улсынх хэмжээнд манай улсын нийт 40 гаруй хувийг зохицуулж байдаг төсвийн бодлого уг үндсээрээ алдагдаад хямралт байдал руу тулж оччихоод байдаг. Энэ үед нөгөө 40 гаруй хувиа дотор нь янзалж, цэгцлэх хэрэг гарнаа даа. Энэ хүрээндээ л цалин бууруулах тухай асуудал хөндөгдөж байгаа болов уу гэж бодогдож байна. Нөгөө талаасаа эдийн засгийн хямрал гүнзгийрсэн байгаа учраас ард иргэдийн бодит орлого, ард иргэд гэдэг дотроо төрийн албан хаагчдын бодит орлогыг хамгаалах хэрэгтэй. Тийм учраас цалин бууруулж болохгүй. Тэгэхээр аль нэг арга хэмжээг нь авах хэрэгтэй. Хоёулаа л хэцүү. Гэхдээ аль нь илүү гайгүй тусахаар байна вэ гэдгийг тооцож сонгох хэрэгтэй .
Та бид хоёрын ярилцлага мэргэжлийн хүмүүст ч хүрнэ. Мөн эдийн засаг мэдэхгүй энгийн иргэдэд ч хүрнэ. Сүүлийн үед уул уурхай, барилгын салбарт ажиллаж байгаа хүмүүс ажилгүй, орлогогүй болж байна. Мөн орон нутагт малчид малчид малаа зээлээр зараад гар дээр нь бэлэн мөнгө алга. Одоо тэгэхээр иргэд яах ёстой юм бэ? Цаашид эдийн засаг хүндрээд байвал яах вэ?
Иргэд яахав өмнөх ажлаа хийгээд л, бодит орлого нь буурч байгаа бол яаж орлогоо хамгаалах вэ гэдгээ анхаараад, илүү цалинтай ажилд орох зэргээр арга хэмжээ авах байх. Үндсэндээ бол хүмүүсийн дунд мөнгөгүй байна, мөнгө олдохгүй байна гэсэн ам дамжсан нэг л яриа байна. Бие биенээсээ зээл аваад аль эсвэл хоорондоо байгаа юмаа хямдхан зарах гээд л. Үүний учир шалтгааныг өнгөрсөн хоёр жилийн туршид тайлбарлаад хэлээд сануулаад л байсан. Би хоёр шүүмжлэл хэлмээр байна. Нэгдүгээрт бодлого боловсруулагчид хүлээж авахгүй, ойлгохгүй байна. Хоёрдугаарт хүмүүс тэд нараас ерөөсөө шаардахгүй байна. Тэгэхээр яагаад хоёуланг нь шүүмжилж байна вэ гэхээр ерөөсөө ингэж болдоггүй юм шүү, макро эдийн засгийн бодлогын үр дүн халаасанд тань, амьдралд тань, байранд тань нөлөөлдөг юм шүү гээд хэлсээр байтал болно биз дээ гээд ийм байдалд орж байгаа байхгүй юу. Яагаад ингээд мөнгөгүй болоод, хүн бүр бие биенээсээ зээлчих болов оо гэдэг дээр дахиад хариулт хэлмээр санагдаад байна. Төв банк хүссэн хэмжээгээр мөнгө нийлүүлээд байна. Яахав сүүлийн хэдэн сарын хугацаанд мөнгөний нийлүүлэлт саарсан боловч Төв банк Оросын сангийн яам шиг тийм богино хугацаанд бодлогын хүүг асар олон пунктээр нэмэгдүүлээгүй. Оросын төв банк нэг гаран хувьтай байсан бодлогын хүүгээ ганц хоногийн дотор 9 хувьд хүргэсэн. Өөрөөр хэлбэл Маш муухай амттай эмийг эдийн засаг руу шидсэн. Тэр эм нь үйлчлээд эдийн засгаа хөл дээр нь босгосон. Манайхан болохоор эм ч өгөхгүй, яах ч үгүй хараад л суугад байна. Төв банк мөнгөний хатуу бодлого явуулж чадахгүй, эдийн засгийн хямрал болоод байна гээд буруу зүйлдээ хөтлөгдөөд л байна. Тэгээд өнөөдөр яаж байна вэ өнгөрсөн жил миний нийт орлого 2 сая байлаа. Энэ жил би 2 сая төгрөгөө олоод байгаа атлаа энэ нь миний зарлагад хүрэхээ байчихсан. Ингээд төгрөгийн ханш уначихсан ийм л байдалтай байна. 
                                                                                
                                                                                              Ярилцсан: Ц.Мөнхзул
 


Wednesday, September 16, 2015

Exclusive үндэсний брэнд үгүй болсон ч, улсаас авсан зээлээ төлнө

Exclusive” компанийн фейсбүүх хуудсанд “Энэ төрийн бурангүй дээрэмчин, дарамтлагч, авлигачдыг үзэн ядаж, энэ өчүүхэн хийсэн юмаа зогсоох шийдвэр хамт олон гаргалаа” гэж бичсэн байсан. Үүнийг уншаад үнэхээр танай компани үйл ажиллагаагаа зогсоож байна уу гэсэн асуулт өөрийн эрхгүй төрлөө?
Г.Майцэцэг: Манай төрийнхөн үндэсний үйлдвэрлэгчидээ дэмжинэ гэж их ярьдаг. Нэг талаасаа дэмжээд байна уу гэхээр нөгөө талаасаа их дарамт байна. Үйлдвэрлэгч бид нар хэдий хүртэл тэсэх вэ? Үнэхээр энэ үйлдвэрлэл Монгол оронд хэрэгтэй юм уу. Бид нар хэдий хүртэл зовох вэ? Бид нарын энэ хийгээд байгаа юм ард түмэнд маань хэрэгтэй юм уу? Ер нь больё. Үнэхээр үнэ цэнэгүй юм бол тараая гэдэг байр суурьнаас бичсэн юм.


Компани дампуурлаа зарлана гэсэн үг үү?
Г.Майцэцэг: Exclusive гэсэн брэнд гэсэн нэр маань байхгүй болох байх гэж би бодож байна. Яагаад гэхээр өнөөдөр цаасан дээр их өртэй гээд тайлан ч авахаа больчихсон. Бид нар нэрээ солих нь уу, үгүй юу мэдэхгүй. Удахгүй албан ёсоор ард түмэндээ хэлж, зарлана. Бид нар эхнээсээ л бүх юмыг ил тод байлгахыг хүссэн. Эхнээсээ л авлигыг дэмжихгүй гэдгээ ил тод зарласан.
Танай компанид 150 сая төгрөгийн татварын торгууль оногдуулаад, шүүх хурал болсон. Одоо энэ торгуулийг төлж байна уу?
Г:Майцэцэг: Ер нь бол би энэ торгуулийг би хүлээн зөвшөөрсөн. Гэхдээ энд тоон дээр асуудал байдаг юм.  150 саяын 130 сая нь НӨАТ-ын асуудал байдаг юм. Яг НӨАТ гэхээр миний буруутай үйл явдал биш. Яагаад гэхээр энэ миний тавьсан НӨАТ биш, миний худалдан авалтанд ирсэн НӨАТ-ын падаан байхгүй юу. Намайг юу гэж буруутгасан гэхээр хуурамч падаан цуглуулсан гээд байгаа. Тэр хуурамч падааныг хэн үйлдвэрлэсэн бэ гэхээр Татварын Ерөнхий Газар үйлдвэрлэсэн байдаг. Хэн өгсөн бэ гээд цаанаа эзэнтэй байдаг юм. Энэ үйл явдлыг хоёр жилийн дараа мэдлээ. Гэтэл үүнийг тухай бүрд нь хэн шалгаж болох, болохгүйг хэлэх ёстой вэ гэвэл Татварын Ерөнхий газар. Тэрнээс биш НӨАТ-ын падаан үнэн үү гэдгийг би шалгаж мэдэхгүй шүү дээ. Тэгэхээр энэ бүхэн гажуудал байхгүй юу. Тэгэхээр ийм гажуудлыг болиочээ гэдэг утгаар хандах газарт нь хандаж, татварын системд өөрчлөлт хийгээсэй гэсэн.  Гэтэл энэ маань өнөөдөр хоёр авгайн хоорондох хэрүүл болчихоод байгаа нь үнэхээр харамсалтай.
Тэгээд 150 сая төгрөгний торгуулийг төлөх актанд гарын үсэг зурснаас хойш 3 сарын дараа манай компанийн данс хаачихсан. Данс хаана гэдэг чинь тухайн компанийг үх гэж байгаатай адилхан байхгүй юу. Би энийг өрийг төлөхийн тулд ажиллах хэрэгтэй шүү дээ. Гэтэл надад ажиллах бололцоо ерөөсөө олгоогүй. Энийг л би дарамт гээд байгаа юм. Би торгууль төлнө гэдгийг хүлээн зөвшөөрч актанд гарын үсэг зурсан. Гэтэл данс хаагаад, түүнийг нь би эсэргүүцэж шүүх дээр очсон. Гэтэл энэ нь хууль ёсны дагуу болчихоод байна. Тэгэхээр тогтолцоо нь буруу байгаа байхгүй юу. Европад конторбанд, хүний наймаа хийсэн компанийн дансыг хаадаг. Гэтэл манай компанийн данс хааснаас болоод 3 тэрбум төгрөгийн гэрээгээ алдсан.
Танай компани Польшид Exclusive брэндийн нэрийн дэлгүүрээ нээнэ гэж байсан?
Энэ бол дараагийн том асуудал. Татварын ерөнхий газрын байцаагчдын нэр төрд халдсан гэх хэргээр шалгуулж байгаа. Тэгээд гадагшаа явах эрхийг маань хаачихсан, одоо хүний батлан даалтад байгаа. 9-р сарын 10-нд Польшийн Кракулд манай дэлгүүр нээлтээ хийх байснаа 20-ны өдөр хүртэл хойшлуулчихсан. Би гадаадын түншүүдээсээ ичиж байна. Монгол улсаа бодсондоо би ичээд худлаа хэлж байгаа байхгүй юу. Өнөөдөр Ерөнхийлөгч Элбэгдорж “баялаг бүтээж байгаа хүмүүсээ өмгөөлж хамгаалахаасаа битгий ичээч” гэж хэлж байсан. Гэтэл энэ хаана байна? Зүгээр л лоозон байдлаар хэлж байна. Зүгээр л хаячихая гэж бодсон. Гэхдээ ард түмэн, хэрэглэгчид их тусгаж авлаа. Энэ хэмжээгээрээ бид нар үнэ цэнэтэй байгаа юм байна гэдгээ мэдэж авсандаа баяртай байна. Тэгээд үйлдвэрлэгч хүн хэзээ ч бууж өгдөггүй. Тэгэхээр бид брэндийнхээ нэрийг өөрчлөх үү эсвэл Exclusive баяртай болж байна уу гэдэг цаашдаа яриад шийдэх байх.
Танай компани Чингис бондын хөрөнгөнөөс 750 сая төгрөгийн хөнгөлөлттэй зээл авсан шүү дээ. Тэгэхээр энэ мөнгийг буцааж төлүүлэхийн тулд танай компанийн дансыг хаачихсан юмуу?
Данс хаана гэдэг бол системийн гажуудал гэдгийг би дахиад хэлье. Чингис бондын хөнгөлөлттэй зээлийн хувьд төр дэмжээд, Голомт банкаар дамжуулаад 750 сая төгрөг авсан. Зээл авахдаа энэ 750 сая төгрөгнөөс 4 дахин их хөрөнгөө Голомт банкинд байршуулж, барьцаалаад зээл авсан хүмүүс. Тийм болохоор өөрсдийгөө ч хохироохгүй, улсаа ч хохироохгүй. Тэгэхээр ард түмэн бол санаа зовох хэрэггүй. Бид төлөх ёстой юмаа төлнө, авах ёстой юмаа ч авна. 
/Ярилцлагын хэсгээс сийрүүлэв. Бүрэн эхээр нь сонсохыг хүсвэл доорхи линкээр орно уу.  https://soundcloud.com/user-996266535/exclusive /


Monday, September 14, 2015

Монгол улсын шадар сайд Ц.Оюунбаатар: Зургаан жилийн өмнө төрийн албаа өгчихсөн Н.Энхбаяр гэдэг хүнд холбогдсон заалт энэ хуульд байхгүй

МҮОНР-ийн “Асуулт байна” радио ярилцлагын зочноор Монгол Улсын Их Хурлын Гишүүн, Шадар Сайд Оюунбаатар оролцлоо.


Сэтгүүлч: Таны Монголын радиод өгч байгаа энэ ярилцлага Шадар сайдын ажил хүлээж аваад хэвлэлд өгч байгаа анхны ярилцлага болов уу гэж бодож байна. Тиймээс ажлаа юунаас эхлэх вэ гэдэг асуултаар ярилцлагаа эхлэе.
-       УИХ-ын чуулган дээр би хариуцлагатай мэдэгдсэн.   Монгол улсын шадар сайдын ажлыг сахилга хариуцлагыг сайжруулахаас эхлэнэ. Ялангуяа шадар сайдын харъяалалд байгаа агентлагууд, харъяа салбарууд өндөр сахилга хариуцлагатай, ам ажлын нэгдлийг хангаж ажиллах зорилт дэвшүүлж байна. Өнөөдрийн нөхцөлд, Монголын нийгэмд ус агаар шиг дутагдаж байгаа зүйл бол сахилга хариуцлага, ам ажлын нэгдэл байна.
Сэтгүүлч: Сахилга хариуцлагыг хэрхэн сайжруулах вэ?
-       Манай улсын эдийн засгийн байдал хүндэрлээ, хөрөнгө санхүүжилт хомсдож байна, дэлхийн зах зээл дээр уул уурхайн түүхий эдийн үнэ унаж байгаа ийм цаг үед Монгол улс сахилга хариуцлага, зохион байгуулалтаа дээшлүүлж ажиллах ёстой. Салан задгай, замбараагүй байдал, үүнээс болж үүсэх гамшиг осол, гал түймрийг эрс багасгах чиглэлд ажиллаж, нийгмийг бүхэлд нь хариуцлагатай сахилгатай болгох бодлогыг бид зайлшгүй боловсруулж, хэрэгжүүлэх ёстой. Ялангуяа ардчиллыг анархи байдал гэж ойлгодог,  ардчиллыг дур  зоргоороо авирлах байдал гэж ойлгодог, хууль дүрэм журмыг үл хэрэгсдэг, улс төрчдөөс эхлээд хэлсэн ярьсан үг, ам ажил нь зөрдөгт нийгэм ихээхэн бухимдаж байна. Тийм учраас бид Монгол төрийн эртнээс уламжилж ирсэн төрийн өмнө хүлээсэн үүргээ яг таг чанартай биелүүлдэг, биелүүлээгүй тохиолдолд төрийн албан тушаалтанд хатуу хариуцлага хүлээлгэдэг хууль журмыг хэрэгжүүлэх ёстой. Төрөөс хүлээлгэсэн итгэл найдвар, үүргийг төрийн албан тушаалтан шат шатандаа хатуу  биелүүлэх ёстой. Эс тэгвэл зохих хариуцлага хүлээлгэнэ, ажлаа цаашид гүйцэтгэх ур чадваргүй гэдгээ харуулбал сахилгын хариуцлага тооцож, албан тушаалаас нь өөрчилнө.
Сэтгүүлч: Шадар сайдын харьяанд Засгийн газрын хэрэгжүүлэгч болон тохируулагч агентлагууд байдаг. Тэгэхээр та өөрийн харьяанд байгаа энэ албан байгууллагуудад тодорхой хэмжээгээр халаа сэлгээ хийж, багаа бүрдүүлэх үү?
-       Баг бүрдүүлэх, халаа сэлгээ хийнэ гэдэг бол сүүлийн үед тогтсон ойлголт. Монгол төрийн тогтвортой байдлыг хангахын тулд цаашдаа Төрийн албаны тухай хуулийг боловсронгуй болгох ёстой. Энэ хэмжээгээр төрд үнэхээр шилдэг, ажлаа мэддэг, ажлаа хийж чаддаг хүмүүс ажиллах ёстой. Тэрнээс биш улс төрийн талаас нь биш, цаг зуурын байдлаар ажиллаж болохгүй гэдэг зарчмыг би барьдаг.
Сэтгүүлч: Шадар сайдын харьяанд байгаа зарим агентлагийн даргаар МАН-ын харьяалалтай хүн ажиллаж байна. Энэ хүмүүсийг та өөрчлөх үү?
-       Би сая хэллээ. Нэгдүгээрт бид сахилга, хариуцлагаа сайжруулах хэрэгтэй. Таны хувьд улс төрийн намуудын талцлын асуудал яриад байна. Халах шаардлагатай бол хэн ч байж болно. Аль улс төрийн намаас байна вэ гэдгээр хязгаарлахгүй. Мэдээж, улс төрийн албан тушаалтан, улс төрийн зөвшилцлийн хүрээнд, намуудын хооронд байгуулсан гэрээний дагуу ажиллах албан тушаалууд байна. Ийм албан тушаалуудыг ярьж хэлэлцэх байх гэж бодож байна.
Сэтгүүлч: Тавантолгойн төслийг урагшлуулах хэрэгтэй гэж та хэлж байсан. Тэгэхээр Энержи Ресурс, Хятадын Шинхуа, Японы Сумитомо гэсэн 3 компанийн нэгдсэн консерциум төслийг урагшлуулна гэсэн үг үү? Одоогийн байдлаар Энержи Ресурс компанийн үйл ажиллагаа зогсоод, ажилчиддаа цалингүй чөлөө олгосон байна. Ганц энэ компани гэлтгүй эдийн засаг хүндэрснээс болоод ер нь бусад салбарт ч компаниуд хаалгаа барьж хүмүүс ажилгүй болж байна?
-       Мэдээж, Тавантолгойн асуудал тулгамдсан асуудал. Үүнийг Засгийн газар дээр ярьж шийдэх ёстой. Хэн нэг сайд дан ганцаараа шийдэхгүй. Тавантолгойн төсөл урагшлах зайлшгүй шаардлага байна. Гэхдээ өнөөдөр дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ унасан. Тийм учраас Тавантолгой бусад уул уурхайн асуудлыг бид нэг далайлтаар шийдэх боломж байхгүй. Тэгэхээр дэлхий дамжсан хямрал, Монголд нүүрлэсэн эдийн засгийн хямралыг бид нэгдмэл байж давах ёстой. Эв нэгдэлтэй байж энэ бүхнийг давахгүй бол улс төрийн намууд талцаад байвал хөгжихгүй ээ.
Сэтгүүлч: Шинэ сайд нар ажлаа хүлээж аваад Засгийн газар бүрэн бүтэн болсон. Гэтэл яг энэ үйл явдалтай зэрэгцээд УИХ-ын гишүүн О.Баасанхүү  Монгол улсын сайд, ЗГХЭГ-ын дарга С.Баярцогтыг огцруулах тогтоолын төсөл өргөн барьсан. Засгийн газар бүрэн бүтэн болсны дараа танай Шударга ёс эвслийн бүлгийн гишүүн ахиад нэг сайдыг огцруулах асуудал яриад байх нь хэр оновчтой вэ?
-       Энэ асуудлыг бүлэг яриагүй, бүлгийн нэг гишүүн ярьсан. Нэг талаасаа тэр хүнд эрх нь байгаа, нөгөө талаасаа нэгдсэн бодлоготой нийцээгүй асуудал. Энэ Шадар сайдын эрхлэх асуудал биш. Бүлэг дээрээ ярих асуудал, намуудын асуудал. Иймэрхүү асуудлаар ярьж цаг үрмээргүй байна.
Сэтгүүлч: Сонгуулийн тухай хуулийн төсөл олон нийтийн анхаарлын төвд байна. Энэ тал дээр та ямар байр суурьтай байна вэ?
-       Миний хувьд намын хатуу гишүүнчлэлгүй байя гэдэг байр суурийг олон жил ярьж байна. УИХ-ын 76 гишүүнийг ерөөсөө л  Монголын нийт ард түмнээс сонгоё гэсэн байр суурьтай байдаг. Өөрөөр хэлбэл Монголын нийт ард түмнээс хамгийн олон санал авсан 76 хүн УИХ-ын гишүүн болно гэсэн үг. Энэ л хамгийн шударга.
Сэтгүүлч: Таны энэ байр суурь МАХН-ын байр суурийг илэрхийлэх үү?
-       Бид ойролцоо байгаа. Бараг нэг гэж хэлж болно. Ялангуяа 76 хүнийг сонгоё гэдгийг хэвлэл мэдээлэл дэмжээд өгвөл, мөнгөтэй нь биш, нэг тойрогт тэрбумаар нь цацаад гардаг баячууд биш, хуулиа мэддэг, хуулиа боловсруулж чаддаг хүмүүс сонгогдоно.
Сэтгүүлч: МАХН-ын дарга Н.Энхбаярын таньтай адилхан байр суурьтай байдаг уу?
-       Тэр хүнээс өөрөөс нь асуух хэрэгтэй. Гэхдээ бидний байр суурь ойролцоо, нэгдмэл байгаа.
Сэтгүүлч: УИХ-ын ээлжит бус чуулган хуралдаж, шинэ сайд нарыг томилсон. Та бүхний томилгоотой зэрэгцээд чуулганаар хэлэлцсэн нэг асуудал бол “Өршөөл үзүүлэх тухай хууль”-д тавьсан Ерөнхийлөгчийн хориг байсан. АН, МАН-ын тухайд Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авна гэдгээ мэдэгдсэн. Гэтэл Шударга ёс эвслийн бүлэг энэ асуудалд завсарлага авсан. Та бүхний завсарлага авсан шалтгаан нь ерөнхийлөгчийн хоригийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэсэн үг үү?
-       Өршөөлийн хуулийн шаардлагаа та нар хар. Найман мянган хоригдол Монголын шоронд дүүрэн байна. Бөгс эргэх зайгүй байна. Ахиад мянга 500 хүний шорон барьж байна. Гэтэл энэ мөнгөөр 40 сургууль, цэцэрлэг барина. Өөрөөр хэлбэл Монгол улс шоронжсон байна. Иймээс Өршөөлийн хууль гаргах зайлшгүй шаардлагатай. Дээр дурдсан найман мянган хүний гурван мянга гаруй нь хөнгөн, хүндэвтэр хэрэгтэй. Нийгэмд учруулсан хохирол байхгүй, анх удаагийн үйлдэлтэй. Үүнийг шийдвэрлэх гэж 2013 оноос хойш тасралтгүй ажиллаж байна.  Энэ дээр нэмээд 30 гаруй хүн авлигын хэргээр гэдэг нэртэй байгаа. Голдуу эмэгтэйчүүд, хүүхэдтэй хүмүүс, ихэнх нь хохиролоо төлчихсөн. Үүнийг тойруулсан улс төр л хийгдэж байна. Хоригийг хүлээж авах эсэх асуудлаар УИХ-ын чуулган хуралдаж байж асуудлаа шийднэ.
Сэтгүүлч: 2012 онд УИХ-ын сонгуулийн дараа гишүүд тангарагаа өргөсөн. Харин таны хувьд үүнээс  5 сарын дараа УИХ-ын гишүүн болж тангараг өргөж байсан. Таны гишүүний суудлыг экс ерөнхийлөгч Н.Энхбаярын хүүгийнх гэсэн яриа ч гарч байсан. Та УИХ-ын гишүүн болсныхоо дараа Өршөөл үзүүлэх тухай хууль санаачилсан. Үүний цаана нэг агуулга нийгэмд яригдаад байдаг. Таны  суудал Өршөөлийн хуультай холбоотой гэх? Энэ ярианд, энэ таамаглалд та өөрийн тайлбараа хэлэхгүй юу?
-       Маш сайхан асуулт байна. Би 1975 онд Хуулийн сургуулийн оюутан байсан. Тэр үед 60 оюутнаас хоёрхон оюутныг шилж сонгож, Монгол улсын хүнд ноцтой гэмт хэргийн мөрдөн байцаах ажлын дагалдан мөрдөн байцаагч болгосон. Өнөөдөр 2015 он. Би 40 жил Монголын төрд ажиллаж байна. 40 жилийн турш би ямар нэг ёс суртахууны алдаа гаргахгүй Монгол төрд зүтгэх үүргээ биелүүлэхийг  хичээж ажиллаж байна. Тийм учраас төрийн албыг хэн нэгэн шагналаар авдаг зүйл биш ээ. Сүүлийн 30 жил би хүний эрхийн төлөө ажиллаж байна. Тийм учраас Өршөөлийн тухай хууль санаачилсан. Монгол улс дахь хуулийн завхралыг залруулах гэж Өршөөл үзүүлэх тухай хууль санаачилсан. Өөрөөр залруулах арга байхгүй. Яагаад гэвэл улс төрчийн дарамтанд, хүний захиалгын дагуу олон хүн үндэслэлгүйгээр гэмт хэрэгтэн болж байна. Өршөөлийн хуулийн аль нэг заалт нь хэн нэг хүнд биш, шинэчлэлийн бодлогод зориулагдаж байгаа юм. Өөрөөр хэлбэл 6 жилийн өмнө төрийн албаа өгчихсөн Н.Энхбаяр гэдэг хүнд холбогдсон заалт энд байхгүй. Өнөөдрийн төрийн алба хашиж байгаа хүмүүстэй холбоотой асуудлыг энэ хуулиар зүгээр өнгөрөөхгүй. Бүгдийг нь шалгана, хохирлыг нь төлүүлнэ. Тэгээд Өршөөлийн хуульд хамруулах эсэхээ шийднэ. Хуулиа унш. Хуулиа зарим нь ойлгодоггүй юм шиг байгаа юм, яг үнэнийг хэлэхэд. Тэрнээс биш олон хэрэгтнийг шууд гудамжинд гаргаад, нийгмийн амгалан тайван байдлыг алдагдуулах асуудал биш.






Wednesday, June 10, 2015

Туулын шугуйгаас амьдарлаа өөрчилжээ

Туулын шугуйгаас амьдарлаа өөрчилсөн нэгэн ахтай уулзаж, ярилцаад үнэхээр сэтгэл хөдөллөө. Б.Батбаяр гэх энэ ахтай ярилцаад зогсож байхад, үе үехэн түүний хоолой чичирч, нүдэнд нь нулимс цийлэгнэж байгааг хараад би өөрөө ч уйлчихмаар санагдсан. Энэ хүн одоогоос олон жилийн өмнө цэл залуухан 18 насандаа цэрэгт явнаа гэж хөөрч, наргиж явахдаа, уурын мунхаг, архины гайгаар хүний аминд хүрчээ. Ингээд эрх чөлөөгөө хасуулж, ид сайхан залуу насаа, амьдарлынхаа 25 жилийг хорих газар өнгөрүүлсэн. Б.Батбаярыг ял эдлээд гарч ирэхэд түүнийг тосож авах хэн ч байсангүй. Аргаа бараад архи ууж, траншейнд хоног төөрүүлж, Туулын шугуйд амьдарч байсан түүнд нэг л өдөр аз ивээл тохиосон байна. Тэрээр ял эдлэж байсан, орох оронгүй, архичин, ёстой л нэг нийгмийн хог шаар гэж үзэгдэж явсан үедээ Туулын шугуйд ном бичиж байгаа хүнтэй таарсан нь Тамхи, архины шалтгаант эмгэг судлалын төвийн тэргүүн Ж.Цогтсугар гуай байжээ. Ж.Цогтсугар Б.Батбаярыг архинаас гарч амьдарлаа өөрчлөх чин хүсэлтэйг нь мэдээд, сургалтын төвдөө аваачиж, хичээлд суулган, дэмжиж тусласан байна. Одоо Б.Батбаяр жолооч, туслах, нярав, нийгмийн ажилтан гээд олон ажил амжуулж байна. Тун удахгүй хоёрхон сарын дараа ханьтай болж, өрх тусгаарлах гэж байна. Түүнд тусласан нийгэмлэгийнхэн, хамт олон нь Өвөрхангайн Уянгаас гэр захиалчихсан гэж байлаа. 18 насандаа эхнэр аваагүй байж, одоо л хүнтэй суух гэж байна даа гэж ярихдаа хоолой нь чичрэн байлаа. Архи хэмээх гашуун ундаанд тархиа мэдүүлснээс болж, амьдарлынхаа ид үеийг хорих газар өнгөрөөсөн ч, өнгөрсөн бүхнээс өөрийгөө татаж авч чадсан тэрээр одоо ирээдүйгээ гэрэлтэйгээр харж байна. Өөрийгөө ялж, өөрийгөө өөрчилж чадсан энэ ахад өндрөөс өндөр амжилт, аз жаргал, хамгийн сайн сайхан бүхнийг хүсье. Хэн бүхэн сэтгэл дүүрэн, жаргалтай амьдрах болтугай.

Monday, April 20, 2015

Бойтогны хонхны дууг бид мартах учиргүй
Дөнгөж хөлд орж байгаа бяцхан хүүгийн алхах тоолонгоор бойтогны хонх жингэнэн дуугарна. Тэнтэр тунтар алхаанд торжигнон дуугарах энэ л хонхны чимээнээр ээж аав нь нялх үрээ аюулаас хол байгааг мэдэрнэ...Тэгвэл эртнээс өвлүүлж ирсэн энэ уламжлалыг бид хэдийнэ гээж орхичихоод орчин цагтай хөл нийлүүлэн алхахдаа үр хүүхдийнхээ аюулгүй байдалд хэрхэн анхаарахаа мартаж орхисон уу? Хэдхэн хоногийн өмнө найман настай охин бэлгийн хүчирхийлэлд өртсөн гэх аймшигт мэдээ энэ асуултанд хариулах шиг. Эрийн цээнд хүрч яваа залуу, бяцхан охиныг чихэр, жимсээр хуурч авч яваад аймшигт хэргийг үйлдэж, хэзээ ч арилахгүй сэтгэлийн шархыг үлдээжээ. Хэрвээ тэр охин Монголд биш, Японд амьдарч байсан бол аймшигт хэргийн хохирогч болохгүй байсан байх. Яагаад гэвэл Япончууд хүүхдээ аюулаас хамгаалах хонхны дууг мартаагүй байна. Үр хүүхдээ аюулаас хамгаалах гэсэн япон ээж аавууд, тэдэндээ аюулгүйн хонх зүүж өгдөг байна. Өвөрмөц, содон дуутай энэ хонхны дууг хүн бүр мэднэ. Хэрвээ хүүхэд ямар нэг аюулд орсон бол хонхны дуу 500 метрийн радиус дотор цацагдаж, эргэн тойрон байгаа хүн бүр хүүхдэд тусладаг байна. Энэ мэдээллийг сонсоод бэлгийн хүчирхийлэлд өртсөн гэх наймхан настай охин бодогдож байлаа. Хүүхдийг хүчирхийллээс, аюулаас хамгаалахын тулд том бодлогын баримт бичиг, томоохон хууль хэрэг болохгүй гэдгийг дээрхи жишээ харуулж байна. Харин ч эсрэгээрээ бойтгонд нь хонх уяж өгдөг шиг энгийн алхам, энгийн уламжлал тэднийг аймшигт аюулаас хамгаалж чадна.

2013 онд ЦЕГ-аас гаргасан судалгаагаар 37 хүүхэд бэлгийн хүчирхийлэлд өртжээ. Цагаан цаасан дээр хараар бичиж тунхагласан Хүүхдийн эрхийн конвенц, Хүүхдийн эрхийг хамгаалах тухай, Гэр бүлийн хүчирхийллийн тухай, Боловсролын тухай, тэр ч бүү хэл Эрүүгийн гээд “олон хууль” бэлгийн хүчирхийллийн хохирогч болсон бяцхан охидыг хамгаалсангүй. Нэг хүн, нэг хүүхэд хохирогч болохын хирээр бид хуулиа өөрчилнө, журмаа шинэчилнэ, бодлого, хөтөлбөр боловсруулна гэж хийрхдэг. Гэтэл цаасан дээр баталсан хууль бидний үр хүүхдийг хамгаалж чадаж байна уу? гэдэг эргэлзээтэй. Хий улс төр ярьж, том амлалгүй, зүгээр л бид хандлагаа өөрчлөх хэрэгтэй байна. Ярихын оронд хийх хэрэгтэй байна. Ахиад л гадны улс орноос туршлагаас жишээ татахад Япон улсад эцэг, эх багш нар хүүхдийг цэцэрлэгт байхаас нь эхлээд л “танихгүй хүнтэй ярихгүй байх, тэднийг дагаж явж болохгүй” гэдгийг алхам тутамд нь зааж зөвлөдөг. Хэдий хичээлийн хөтөлбөрт нь тусгаагүй ч, хүүхдэд аюулын тухай анхааруулах нь багш бүрийн заавал хийх ёстой үүрэг болж хэвшсэн байдаг. Энэ л дадал зуршлаараа өглөө бүр хүүхдэд аюулыг сануулснаараа тэднийг хамгаалж чаддаг. Гэтэл бидний дүү нарт, бидний үр хүүхдэд “өөрийгөө хамгаалах чадвар” суусан уу? Энэ байдлыг туршиж үзэхээр цэцэрлэгт тоглож байгаа найман настай хоёр охинтой би яриа өдлөө. Аав ээж, сургууль, тоглож байгаа тоглоомны талаар асуусан асуултанд тэд инээмсэглэн хариулна. “Эгчтэйгээ хамт дэлгүүр явчих, амттай юм авч өгье” гэхэд хүртэл дагаад явах гэж байсан юм. Мэдээж, би энэ хоёр охинд танихгүй хүнийг дагаж явж болохгүй талаар хэлж зөвлөсөөр, бидний яриа дууссан. Танихгүй хүнийг дагаж явж болохгүй гэдгийг ойлголоо гэж хариулсаар үлдэх бяцхан тэр охидын ирээдүй үргэлж гэгээн байх болтугай. Энэ удаад би хоёр охинд аюулын тухай санууллаа. Гэхдээ үүний цаана ахиад өчнөөн олон мянган хүүхдүүд байгаа. Бид тэдгээр бяцхан үрсийг хамгаалахын тулд заавал шинэ хууль батлаж, шинэ бодлого боловсруулж, шинэ хөтөлбөр санаачлах шаардлагагүй юм шиг санагдана. Зүгээр л бид аливаад хандах хандлагаа өөрчилж, ажилдаа сэтгэлээ шингээх хэрэгтэй гэж бодогдоно. Ээж, аавууд, багш нар, сургууль, хороодод ажиллаж байгаа нийгмийн ажилтан, дүүрэг бүрт байдаг хүүхдийн төлөө гэсэн байгууллагын ажилтан гээд олон хүн л ажилдаа сэтгэлээсээ ханддаг болчихвол бидэнд заавал том улс төр хийж, том хууль батлах шаардлага гарахгүй. Ээж аавууд үр хүүхдээ аюулаас хол байлгах гэсэн тэр л чин сэтгэлээр хүүхдийнхээ бойтгонд хонх уяж өгдөг байсан цаг саяхан. Тэр үед бидэнд цагаан цаасан дээр хараар бичиж тунхагласан хүүхдийн эрхийн тухай хуультай байгаагүй. Бид эцэг өвгөдөөс сургаж ирсэн түүхэн уламжлалын дагуу бойтогны хонхны дуунаар  үр хүүхдээ хамгаалж чаддаг байсныг мартах учиргүй. 

Thursday, April 16, 2015

Зээ би чинь шөнө хар дүлээр, дасаагүй цахимбар дээрээ юугаа хийж сууна вэ? Уг нь өнөөдрийнхөө ажлыг, Батчимэг гишүүнтэй ярилцлага хийхэд юу болсон тухайгаа бичье гэж бодож байсан юм. Гэхдээ нэг л эвлэж өгдөггүй. Хамаа замбараагүй, хүслээрээ сараачихаа больчихсон болохоор бодлоо гүйцэж чаддаггүй байсан гар маань компьютерийн товчлуур дээр хүлээгээд байдаг болчиж.
Ерөнхийдөө гишүүн миний аппаратыг унтраахад дургүй, тэгээд бас зүгээр л ерөнхий асуулт асуухад дургүй. Яг аль нь вэ, яг юу нь вэ, яг яагаад...гэдгийг угт нь тултал асуух дуртай. Энэ л зуршилаараа Батчимэг гишүүнтэй УИХ-ын гишүүдийн ёс зүйн асуудлыг ярихаар халуухан, ширүүхэн ярилцлагаа эхлүүлэхээр төлөвлөсөн юм. / Батчимэг гишүүн бол УИХ-ын ёс зүйн дэд хорооны дарга/
Эхний асуултаа асуунгуут л гишүүн “Больчих, зогсоочих, аппаратаа унтраачих” гэлээ. Мэдээж би хүнийг хүндлэх ёстой. Унтраасан, түүнийг сонссон. 30 минутын турш. Тэр надад учир шалтгаанаа тайлбарласан. Сэтгүүлчдэд тэд тайлбарлаад л байдаг, тайлбарлаад л байдаг. Гэхдээ миний бодлоор сэтгүүлчдэд тайлбарлаад байгаа зүйлээ олон нийтэд нээлттэй, илэн далангүй, ярих ёстой юм шиг л санагдсан.
Миний хувийн бодол бас үзэл хандлага. Аливаа асуудалд нарийн нухацтай, яг таг хандах ёстой гэж боддог л доо. Энэ утгаараа би түүнээс УИХ-ын гишүүдийн ёс зүй ямар байна вэ гэж ерөнхий асуухыг төлөвлөөгүй. Харин шууд л нэр цохож байгаад“Чуулганы танхимд согтуу ирсэн Батбаяр”, “тийм би хоцордог юм гэдэг мода дэлгэрүүлсэн Дэмбэрэл”, “хар тамхины хэрэгт нэр холбогдсон охинтой учир ургуулсан гэх Тэмүүжин гишүүн” зэрэг гишүүнд яг ямар хариуцлага тооцсон бэ? гээд асууж орхилоо. Царай нь хувьсхийж, аппаратаа унтраачих гэснээ, би ёс зүйн дэд хорооны дарга гэсэн албан тушаалд байгаагийн хувьд өөрөө популизм хийж байгаа юм шиг бусдыг ёс зүйгүй гэж авирласан гэж тодорхойлж, шүүж чадахгүй гэж байсан юм. Тийм ээ, хувь хүнийхээ хувьд би түүнийг ойлгож байгаа ч, олон нийт үүнийг ойлгохгүй. Ёс зүйгүй авирласан гишүүдээ хаацайлж, хариуцлага тооцдоггүй гэж иргэд шүүмжилдэг. Гэтэл бид үүнийг өөрсдийнхөө байр суурь дээр бодсон ч гэсэн нэг танхимд, мөр зэрэгцэн суугаа нөхрөө буруу хэрэг хийлээ гээд нийтийн өмнө шүүж чадахгүй шүү дээ. Гэтэл над шиг нэг нөхөр чи албан тушаалд байгаа учраас шүүх ёстой гэж шүүмжлэн, шүүж чадахгүй болохоор нь нэг тал болсон, хариуцлага тооцдоггүй гэж гоочилно. Нэг нь хариулт, хариуцлага нэхэж, нөгөө нь хариулахаас дүлэгнэж, харин гуравдах нь гэмшингүй эсвэл хэнэггүй дүр гаргана. Ахиад л ийм явдал болно. Ахиад л энэ дүр зураг давтагдана. Хариуцлагагүй, ёс зүйгүй гэж гишүүдийг шүүмжлэхийн оронд бид шийдлийг олох ёстой гэж бодогдоно. Бас би хэр ёс зүйтэй хүн бэ гэж өөрсдийнхөө тухай тунгаах ёстой гэж санагдана.
Чиггүй дайрдаг зангаа, хурц асуулт асуух гэдгээ хойш тавьж бидний ярилцлага арай өөр байдлаар дахин эхлэсэн юм. Төлөвлөж, төсөөлж байснаас минь өөрөөр эргэсэн ч, энэ ярилцлага яах вэ, боломжийн. Гаргах гэсэн санаагаа гаргасан. Бас хэлэх гэснээ ч хэлсэн байх. Сэтгүүлч болох гэж суралцаж явна даа.

Monday, April 6, 2015


Алсын хараа бүжгэн жүжиг
Төрийн ордонд “Итгэлцэл” нэртэй бүжгэн жүжиг тавигдлаа. Энэ жүжгийн “Алсын хараа” нэртэй 2-р үзэгдэл эхлэхэд их танхимын тайзнаа жүжигчид гарч ирж, үзэгчид нижигнэтэл алга ташлаа. Жүжгийн гол дүрүүд өнгөрсөн болон одоо үеийг төлөөлөн, ирээдүйн тухай ам уралдан ярьцгаана. Мөн тэдний ирээдүйн тухай итгэл мөрөөдлийг сөрж шүүмжлэх, зөвлөн дэмжих туслах дүрүүд ч багтжээ. Энэ жүжгийн хамгийн онцгой дүр бол “тэр”. Тэр гадаад байдал, өмссөн зүүсэн, биеэ авч явж байгаа байдал, ярьж хэлж байгаа нь бусдынхаас тэс өөр.
Алсын хараа үзэгдлийн хөшиг нээгдэх даруй тайзнаа цагаан өнгөтэй зургаан сандал тавьжээ. Эхний сандал дээр инээмсэглэн суух хүн бол өнгөрсөн цагт төрийн эрхийг барьж байсан нэгэн эрхэм. Тэрээр тийм ч ихийг ярихгүй ч, үлдсэн таван хүнийг зохицуулж харагдана. Тиймээс түүнийг “чимээгүй дуу хоолой” гэж нэрлэе. Яагаа гэвэл түүний ярих юм нь надад тийм ч чухал санагдаагүй учраас чимээгүй. Гэхдээ хүмүүсийг зохицуулж байгаа учраас дуу хоолой. Дуу хоолойгийн  зэргэлдээх хоёр сандалд цогтой хоёр хүн сууж байгаа нь одоо цагийн түшээд. Би тэднийг “цогттой нар” гэж нэрлэнэ. Цогттой нарын хажууд нэгэн төрийн эхлэл суужээ. Тэр бол “өнгөрсөн үе”.  Тэгээд улаан хүрэн дээлтэй, урт саарал үстэй “тэр” суусан байна. Харин түүний хажууд хэний ч танихгүй “жижигхэн зөвлөх”. Хоёр цогттой улс эх орныхоо алсын харааны талаар зөгнөсөөр жүжиг эхлэлээ. Өндөр нарийхан цогттой нь улс эх орны алсын харааг лидер хүн тоогоор тодорхойлох ёстой гэж тодорхойлно. Ингэхдээ тэдэн жилийн дараа, улс орноо төчнөөн кг буудайтай, гурилтай, махтай болгоно гэдэг шиг  тодорхой тоог зорилго болгоод, түүндээ хүрэх ёстой гэж хэллээ. Харин энэ үгэнд “өнгөрсөн үе” эгдүүцэх шиг. Улс орны анхны эцгээр сонгогдож байсан энэ хүн өнгөрсөн болоод, одоод хэрэгжиж байгаа олон янзын хөтөлбөрийг дурдаад, энэ бол манай алсын хараа шүү дээ гэж байлаа. Харин энэ үед зааланд шуугиан дэгдээд явчихлаа. Жүжиг үзэж байсан хүмүүс түүнтэй санал нэг бололтой. Шар цамцтай нэгэн эмэгтэй босож ирээд  “Яагаад, яагаад энэ улс орон чинь алсын хараагүй юмуу?” Гээд уурлан бухимдлаа.  Бид, бизнес эрхлэгчид 20-30 жил, цаашлаад 60 жилээр төлөвлөгөө зохиогоод бизнесээ хийе гэхээр л төрийн шийдвэр өөрчлөгдчихдөг. Ингээд бидний бизнест саад болдог. 200,300 саяар хохирдог. Энэ бүхнээс болоод улсад татвараа төлж чаддаггүй. Төр ердөө дөрөвхөн жилийн алсын хараатай гээд уурлан бухимдан жүжгийг орхин гарахад үзэгчид алга ташлаа. Харин энэ үед тайзан дээр суусан жүжигчид мэл гайхан, амандаа бувтнан, ёс төдий үг хэлэх шиг. Анир чимээгүйг эвдэн “тэр” гэнэт үг хэлэхээр зөвшөөрөл хүслээ.

Надад нэг хүн хэлж байсан юмаа...гээд шивнэх шахам эхэлсэн түүний үг танхим даяар цуурай татуулан чангарлаа. Та нар бизнес эрхлэгчдээс авлига шаарддаг улстөрчдөө төрөөс гарга. Энийгээ л больсон цагт алсын хараагаа ярь. Энийгээ болиогүй цагт юун тэр алсыг харах хэмээн дуу хадаан хэлэхэд олон нийт уухайлан алга ташсаар, хөшиг хаагдлаа. Жүжгийн төгсгөлтэй олон нийт санал нийлжээ.

Монгол гэр бүлийг хэрхэн аз жаргалтай болгох вэ? 

Хүмүүс ганцаараа амьдрахыг хүсдэггүй. Тэд эхнэр нөхөр болж, үр хүүхэд төрүүлэн, гэр бүлийн амьдрал зохиовол хамгийн жаргалтай байна гэж боддог. Мэдээж, би ч бас ийм бодолтой.
Гэтэл бид гэр бүлийн амьдрал зохиосныхоо дараа салдаг. Яагаад гэвэл бүх зүйл хэцүү, тэвчишгүй болсон учраас. Бидний энэ бодлыг бас бодит амьдарлыг зарим судалгааны дүн батлаж байна. АНУ-ын коллежийн оюутнуудын дунд явуулсан судалгаагаар 97 хувь нь “Аз жаргалын түлхүүр бол гэр бүлийн дотно харилцаа холбоо” гэж хариулжээ. Харин насанд хүрэгчдийн дөрвөн хүн тутмын нэг нь гэр бүлээсээ салдаг гэсэн дүн гарсан байна. Манай улсын хувьд ч гэсэн жил ирэх бүр гэр бүлээ цуцлуулсан хүмүүсийн тоо нэмэгдэж байна. Үндэсний Статистикийн хорооноос гаргасан судалгаагаар 2014 онд 17,3 мянган хос гэрлэлтээ бүртгүүлж, 3,7 мянган хүн гэр бүлээ цуцлуулжээ. Тус газрын судалгаагаар гэр бүлээ цуцлуулах хүний тоо тасралтгүй өсч байгаа гэсэн дүн гарсан байна. Гэр бүл салалтаас хамгийн их хохирдог хүн бол хүүхэд байдаг. Салалтаас болж хүүхэд эзэнгүйдэж, ганцаардан, гадуурхагдах сэтгэл төрж, өөртөө итгэлгүй болдог байна. Мөн эцэг эхээс хүүхдэд тавих хайр халамж суларч, хүсэл сонирхлыг анхаарахгүй байснаар гаж  зан үйлд татагдах нөхцлийг бүрдүүлдэг гэж байлаа. Гэр бүл салалт гэдэг нь эрэгтэй, эмэгтэй хүмүүс хувь хувийнхаа аз жаргалыг хөөгөөд хүүхдийнхээ ирээдүйн аз жаргал, бүрэн бүтэн байдал, итгэл найдварыг няц гишгээд хоёр тийшээ болохыг хэлдэг. Энэ зүйлээс бид нар зайлсхийх ёстой гэж гэр бүлийн сэтгэлзүйч Наранбаатар хэлж байлаа.
Гэр бүл бол нийгмийн хамгийн бага нэгж. Тэгвэл гэр бүл салалт нь хүүхдэд хамгийн их хохиролтойгоос гадна салж байгаа хосуудад мөн нийгэмд  сөрөг нөлөө үзүүлдэг байна. Тухайлбал тэнэмэл хүүхдүүд олширно,  эмэгтэйчүүдийн үүрэх ачаа нэмэгдэнэ, гэмт хэргийн гаралт өсөж, архидалт, бэлгийн замбараагүй харилцаа, амиа хорлолт нэмэгддэг гээд олон муу үр дагавартай. Ийм үзэгдэл манайд ч гэсэн тохиолдож байна. Жишээ нь Булган аймагт хийсэн судалгаагаар 2014 онд 48 хүн золгүй байдлаар амиа алджээ. Золгүй байдлаар амиа алдсан шалтгааны ихэнхийг гэр бүлийн таагүй харилцаанаас болж амиа хорлосон тохиолдол эзлэж байна. Аз жаргалтай амьдарлын үндэс гэр бүл гэж хариулдаг хүмүүс яагаад хамтын амьдралаа дуусгавар болгож байна вэ? Энэ талаар гэр бүлийн чиглэлээр сэтгэлзүйн зөвлөгөө өгдөг мэргэжилтнүүдээс тодрууллаа.
“Монгол өрх” сэтгэлзүйн хүрээлэнгийн сэтгэл судлаач Баасанбат: Анх амьдарлынхаа ханийг сонгохдоо ямар ч гэр бүл төлөвлөлтгүй харанхуй сонгочихсоноос болоод хоёр тийшээ болдог гэж байна. Эсвэл гэр бүлийн хүн нь архи, мөрийтэй тоглоомонд донтоод нөгөө тал нь хамаг итгэл, найдвар, тэсвэр тэвчээрээ бараад салж байна. Мөн хардалтаас болж байна.  Эсвэл бие биенээ огт ойлгодоггүй гэж хэлж ирэх хүмүүс байна. Яг энэ бүхнийг нарийн судлаад үзэхээр хэн хэн нь амьдарлынхаа түүхийн явцад өнгөрсөн амьдарлаас авсан шарх, айдсаас болоод хэн хэн нь их өөнтөгч, эмзэг, сөрөг талаас ханддагаас болоод салаад байна.
Гэр бүл салалтын шалтгааныг бид тодорхойллоо. Гэр бүл салалт нийгэмд ямар сөрөг үр дагавартайг ч харлаа. Тэгвэл одоо тогтвортой гэр бүлийг бий болгох нь хамгийн чухал. Ингэхийн тулд яах ёстой вэ. Ерөнхий боловсролын сургуулиудад онолыг мэдлэг заагаад байхаасаа илүүтэйгээр амьдрах ухаанд, хувь хүн болж төлөвшихөд сургах хэрэгтэй гэдгийг сэтгэлзүйчид хэлж байгаа юм.
Бас нэгэн өөр судалгааны дүн хэлэхэд эрэгтэйчүүдийн салалт хамгийн өндөр байдаг байна. Яагаад вэ гэвэл гэр бүлээ цуцлуулсан эрчүүд ахин гэрлэж, гэрлэлтээ бүртгүүлэх тохиолдол их байдаг гэсэн дүн Үндэсний Статистикийн хорооноос гаргасан.
Хэрвээ монголын гэр бүлийг аз жаргалтай болгоё гэвэл Монгол эр хүнд анхаарах хэрэгтэй гэж Гал Голомт Үндэсний Хөдөлгөөний тэргүүн Мөнхөө гуай хэлж байсансан. Хамгийн хүнд ачааг хэн  үүрдэг вэ? Эрчүүд үүрдэг юм. Бүтээн байгуулалт, гадны ажиллах хүч гээд хамгийн хэцүү ажлыг эрчүүд хийдэг. Цас зуданд явлаа гэхэд эрэгтэй хүүхэд яваад осгож үхдэг. Энэ мэт хүнд хүчирийг үүрдэг эр хүний боловролыг бид орхигдуулсан. 1990-ээд оны үед 160 гаруй мянган хүүхэд сургууль завсардсаны 70 гаруй хувь нь эрчүүд байдаг гэж Мөнхөө гуай ярьж байлаа. Ийм болохоор эцгийнхээ харцан дор, эхийнхээ халамжинд өссөн Монголын ирээдүйг бэлдэе гэвэл Монгол эр хүний боловсрол, эрүүл мэнд, ёс суртахуунд анхаарах цаг болсон.

Хаа сайгүй сараачиж явдаг би гэдэг хүн өнөөдрөөс эхлэн блогтой боллоо. Тэгэхээр энд тэнд сараачсан элдэв зүйлсээ ийшээ нэгтгээд байх боломжтой болсон гэсэн үг. За тэгээд миний бичих юм гэвэл нийгмийн янз бүрийн сэдэв, өөрийн минь эмзэглэсэн бас баярласан урамшсан асуудал байна байх гэж бодож байна. Миний хувьд сэтгүүлч мэргэжлээр 7 жил ажиллаж байна. Ер нь бол юм бичих их дуртай. Гэхдээ хүслээрээ, сонирхлоороо, нөгөө сэтгэлийн дуудлагаараа гэдэг шиг л бичих дуртай. Харин заримдаа ажил дээр албан хүчээр бичнэ шүү дээ. Тэрэнд бол ёстой дургүй. За тэгээд блогоор минь зочилж, санал бодлоо хуваалцаж байгаарай.