Монгол гэр бүлийг хэрхэн аз
жаргалтай болгох вэ?
Хүмүүс ганцаараа амьдрахыг
хүсдэггүй. Тэд эхнэр нөхөр болж, үр хүүхэд төрүүлэн, гэр бүлийн амьдрал
зохиовол хамгийн жаргалтай байна гэж боддог. Мэдээж, би ч бас ийм бодолтой.
Гэтэл бид гэр бүлийн
амьдрал зохиосныхоо дараа салдаг. Яагаад гэвэл бүх зүйл хэцүү, тэвчишгүй болсон
учраас. Бидний энэ бодлыг бас бодит амьдарлыг зарим судалгааны дүн батлаж
байна. АНУ-ын коллежийн оюутнуудын дунд явуулсан судалгаагаар 97 хувь нь “Аз жаргалын
түлхүүр бол гэр бүлийн дотно харилцаа холбоо” гэж хариулжээ. Харин насанд
хүрэгчдийн дөрвөн хүн тутмын нэг нь гэр бүлээсээ салдаг гэсэн дүн гарсан байна.
Манай улсын хувьд ч гэсэн жил ирэх бүр гэр бүлээ цуцлуулсан хүмүүсийн тоо
нэмэгдэж байна. Үндэсний Статистикийн хорооноос гаргасан судалгаагаар 2014 онд
17,3 мянган хос гэрлэлтээ бүртгүүлж, 3,7 мянган хүн гэр бүлээ цуцлуулжээ. Тус
газрын судалгаагаар гэр бүлээ цуцлуулах хүний тоо тасралтгүй өсч байгаа гэсэн
дүн гарсан байна. Гэр бүл салалтаас
хамгийн их хохирдог хүн бол хүүхэд байдаг. Салалтаас болж хүүхэд эзэнгүйдэж,
ганцаардан, гадуурхагдах сэтгэл төрж, өөртөө итгэлгүй болдог байна. Мөн эцэг
эхээс хүүхдэд тавих хайр халамж суларч, хүсэл сонирхлыг анхаарахгүй байснаар
гаж зан үйлд татагдах нөхцлийг бүрдүүлдэг гэж байлаа. Гэр бүл салалт гэдэг нь эрэгтэй,
эмэгтэй хүмүүс хувь хувийнхаа аз жаргалыг хөөгөөд хүүхдийнхээ ирээдүйн аз
жаргал, бүрэн бүтэн байдал, итгэл найдварыг няц гишгээд хоёр тийшээ болохыг
хэлдэг. Энэ зүйлээс бид нар зайлсхийх ёстой гэж гэр бүлийн сэтгэлзүйч
Наранбаатар хэлж байлаа.
Гэр бүл бол нийгмийн хамгийн бага нэгж. Тэгвэл гэр бүл салалт нь хүүхдэд
хамгийн их хохиролтойгоос гадна салж байгаа хосуудад мөн нийгэмд сөрөг нөлөө үзүүлдэг байна. Тухайлбал тэнэмэл
хүүхдүүд олширно, эмэгтэйчүүдийн үүрэх
ачаа нэмэгдэнэ, гэмт хэргийн гаралт өсөж, архидалт, бэлгийн замбараагүй
харилцаа, амиа хорлолт нэмэгддэг гээд олон муу үр дагавартай. Ийм үзэгдэл
манайд ч гэсэн тохиолдож байна. Жишээ нь Булган аймагт хийсэн судалгаагаар 2014
онд 48 хүн золгүй байдлаар амиа алджээ. Золгүй байдлаар амиа алдсан шалтгааны
ихэнхийг гэр бүлийн таагүй харилцаанаас болж амиа хорлосон тохиолдол эзлэж
байна. Аз жаргалтай амьдарлын үндэс гэр бүл гэж хариулдаг хүмүүс яагаад хамтын
амьдралаа дуусгавар болгож байна вэ? Энэ талаар гэр бүлийн чиглэлээр сэтгэлзүйн
зөвлөгөө өгдөг мэргэжилтнүүдээс тодрууллаа.
“Монгол өрх” сэтгэлзүйн хүрээлэнгийн сэтгэл судлаач Баасанбат: Анх
амьдарлынхаа ханийг сонгохдоо ямар ч гэр бүл төлөвлөлтгүй харанхуй сонгочихсоноос
болоод хоёр тийшээ болдог гэж байна. Эсвэл гэр бүлийн хүн нь архи, мөрийтэй
тоглоомонд донтоод нөгөө тал нь хамаг итгэл, найдвар, тэсвэр тэвчээрээ бараад
салж байна. Мөн хардалтаас болж байна. Эсвэл
бие биенээ огт ойлгодоггүй гэж хэлж ирэх хүмүүс байна. Яг энэ бүхнийг нарийн
судлаад үзэхээр хэн хэн нь амьдарлынхаа түүхийн явцад өнгөрсөн амьдарлаас авсан
шарх, айдсаас болоод хэн хэн нь их өөнтөгч, эмзэг, сөрөг талаас ханддагаас
болоод салаад байна.
Гэр бүл салалтын шалтгааныг бид тодорхойллоо. Гэр бүл салалт нийгэмд ямар
сөрөг үр дагавартайг ч харлаа. Тэгвэл одоо тогтвортой гэр бүлийг бий болгох нь
хамгийн чухал. Ингэхийн тулд яах ёстой вэ. Ерөнхий боловсролын сургуулиудад
онолыг мэдлэг заагаад байхаасаа илүүтэйгээр амьдрах ухаанд, хувь хүн болж
төлөвшихөд сургах хэрэгтэй гэдгийг сэтгэлзүйчид хэлж байгаа юм.
Бас нэгэн өөр судалгааны дүн хэлэхэд эрэгтэйчүүдийн салалт хамгийн өндөр
байдаг байна. Яагаад вэ гэвэл гэр бүлээ цуцлуулсан эрчүүд ахин гэрлэж,
гэрлэлтээ бүртгүүлэх тохиолдол их байдаг гэсэн дүн Үндэсний Статистикийн
хорооноос гаргасан.
Хэрвээ монголын гэр бүлийг аз жаргалтай болгоё гэвэл Монгол эр хүнд
анхаарах хэрэгтэй гэж Гал Голомт Үндэсний Хөдөлгөөний тэргүүн Мөнхөө гуай хэлж
байсансан. Хамгийн хүнд ачааг хэн үүрдэг
вэ? Эрчүүд үүрдэг юм. Бүтээн байгуулалт, гадны ажиллах хүч гээд хамгийн хэцүү
ажлыг эрчүүд хийдэг. Цас зуданд явлаа гэхэд эрэгтэй хүүхэд яваад осгож үхдэг.
Энэ мэт хүнд хүчирийг үүрдэг эр хүний боловролыг бид орхигдуулсан. 1990-ээд оны
үед 160 гаруй мянган хүүхэд сургууль завсардсаны 70 гаруй хувь нь эрчүүд байдаг
гэж Мөнхөө гуай ярьж байлаа. Ийм болохоор эцгийнхээ харцан дор, эхийнхээ
халамжинд өссөн Монголын ирээдүйг бэлдэе гэвэл Монгол эр хүний боловсрол, эрүүл
мэнд, ёс суртахуунд анхаарах цаг болсон.
No comments:
Post a Comment