Бойтогны хонхны
дууг бид мартах учиргүй
Дөнгөж хөлд орж байгаа бяцхан хүүгийн алхах тоолонгоор
бойтогны хонх жингэнэн дуугарна. Тэнтэр тунтар алхаанд торжигнон дуугарах энэ л
хонхны чимээнээр ээж аав нь нялх үрээ аюулаас хол байгааг мэдэрнэ...Тэгвэл
эртнээс өвлүүлж ирсэн энэ уламжлалыг бид хэдийнэ гээж орхичихоод орчин цагтай
хөл нийлүүлэн алхахдаа үр хүүхдийнхээ аюулгүй байдалд хэрхэн анхаарахаа мартаж
орхисон уу? Хэдхэн хоногийн өмнө найман настай охин бэлгийн хүчирхийлэлд өртсөн
гэх аймшигт мэдээ энэ асуултанд хариулах шиг. Эрийн цээнд хүрч яваа залуу,
бяцхан охиныг чихэр, жимсээр хуурч авч яваад аймшигт хэргийг үйлдэж, хэзээ ч
арилахгүй сэтгэлийн шархыг үлдээжээ. Хэрвээ тэр охин Монголд биш, Японд амьдарч
байсан бол аймшигт хэргийн хохирогч болохгүй байсан байх. Яагаад гэвэл Япончууд
хүүхдээ аюулаас хамгаалах хонхны дууг мартаагүй байна. Үр хүүхдээ аюулаас
хамгаалах гэсэн япон ээж аавууд, тэдэндээ аюулгүйн хонх зүүж өгдөг байна. Өвөрмөц,
содон дуутай энэ хонхны дууг хүн бүр мэднэ. Хэрвээ хүүхэд ямар нэг аюулд орсон
бол хонхны дуу 500 метрийн радиус дотор цацагдаж, эргэн тойрон байгаа хүн бүр
хүүхдэд тусладаг байна. Энэ мэдээллийг сонсоод бэлгийн хүчирхийлэлд өртсөн гэх
наймхан настай охин бодогдож байлаа. Хүүхдийг хүчирхийллээс, аюулаас
хамгаалахын тулд том бодлогын баримт бичиг, томоохон хууль хэрэг болохгүй
гэдгийг дээрхи жишээ харуулж байна. Харин ч эсрэгээрээ бойтгонд нь хонх уяж
өгдөг шиг энгийн алхам, энгийн уламжлал тэднийг аймшигт аюулаас хамгаалж чадна.
2013 онд ЦЕГ-аас гаргасан судалгаагаар 37 хүүхэд бэлгийн
хүчирхийлэлд өртжээ. Цагаан цаасан дээр хараар бичиж тунхагласан Хүүхдийн
эрхийн конвенц, Хүүхдийн эрхийг хамгаалах тухай, Гэр бүлийн хүчирхийллийн
тухай, Боловсролын тухай, тэр ч бүү хэл Эрүүгийн гээд “олон хууль” бэлгийн
хүчирхийллийн хохирогч болсон бяцхан охидыг хамгаалсангүй. Нэг хүн, нэг хүүхэд
хохирогч болохын хирээр бид хуулиа өөрчилнө, журмаа шинэчилнэ, бодлого,
хөтөлбөр боловсруулна гэж хийрхдэг. Гэтэл цаасан дээр баталсан хууль бидний үр
хүүхдийг хамгаалж чадаж байна уу? гэдэг эргэлзээтэй. Хий улс төр ярьж, том
амлалгүй, зүгээр л бид хандлагаа өөрчлөх хэрэгтэй байна. Ярихын оронд хийх
хэрэгтэй байна. Ахиад л гадны улс орноос туршлагаас жишээ татахад Япон улсад
эцэг, эх багш нар хүүхдийг цэцэрлэгт байхаас нь эхлээд л “танихгүй хүнтэй
ярихгүй байх, тэднийг дагаж явж болохгүй” гэдгийг алхам тутамд нь зааж зөвлөдөг.
Хэдий хичээлийн хөтөлбөрт нь тусгаагүй ч, хүүхдэд аюулын тухай анхааруулах нь
багш бүрийн заавал хийх ёстой үүрэг болж хэвшсэн байдаг. Энэ л дадал зуршлаараа
өглөө бүр хүүхдэд аюулыг сануулснаараа тэднийг хамгаалж чаддаг. Гэтэл бидний
дүү нарт, бидний үр хүүхдэд “өөрийгөө хамгаалах чадвар” суусан уу? Энэ байдлыг
туршиж үзэхээр цэцэрлэгт тоглож байгаа найман настай хоёр охинтой би яриа өдлөө.
Аав ээж, сургууль, тоглож байгаа тоглоомны талаар асуусан асуултанд тэд инээмсэглэн
хариулна. “Эгчтэйгээ хамт дэлгүүр явчих, амттай юм авч өгье” гэхэд хүртэл
дагаад явах гэж байсан юм. Мэдээж, би энэ хоёр охинд танихгүй хүнийг дагаж явж
болохгүй талаар хэлж зөвлөсөөр, бидний яриа дууссан. Танихгүй хүнийг дагаж явж
болохгүй гэдгийг ойлголоо гэж хариулсаар үлдэх бяцхан тэр охидын ирээдүй үргэлж
гэгээн байх болтугай. Энэ удаад би хоёр охинд аюулын тухай санууллаа. Гэхдээ үүний
цаана ахиад өчнөөн олон мянган хүүхдүүд байгаа. Бид тэдгээр бяцхан үрсийг
хамгаалахын тулд заавал шинэ хууль батлаж, шинэ бодлого боловсруулж, шинэ
хөтөлбөр санаачлах шаардлагагүй юм шиг санагдана. Зүгээр л бид аливаад хандах
хандлагаа өөрчилж, ажилдаа сэтгэлээ шингээх хэрэгтэй гэж бодогдоно. Ээж,
аавууд, багш нар, сургууль, хороодод ажиллаж байгаа нийгмийн ажилтан, дүүрэг
бүрт байдаг хүүхдийн төлөө гэсэн байгууллагын ажилтан гээд олон хүн л ажилдаа
сэтгэлээсээ ханддаг болчихвол бидэнд заавал том улс төр хийж, том хууль батлах
шаардлага гарахгүй. Ээж аавууд үр хүүхдээ аюулаас хол байлгах гэсэн тэр л чин сэтгэлээр
хүүхдийнхээ бойтгонд хонх уяж өгдөг байсан цаг саяхан. Тэр үед бидэнд цагаан
цаасан дээр хараар бичиж тунхагласан хүүхдийн эрхийн тухай хуультай байгаагүй. Бид
эцэг өвгөдөөс сургаж ирсэн түүхэн уламжлалын дагуу бойтогны хонхны дуунаар үр хүүхдээ хамгаалж чаддаг байсныг мартах
учиргүй.
No comments:
Post a Comment