Зээ би чинь шөнө хар дүлээр, дасаагүй цахимбар дээрээ юугаа хийж сууна вэ?
Уг нь өнөөдрийнхөө ажлыг, Батчимэг гишүүнтэй ярилцлага хийхэд юу болсон
тухайгаа бичье гэж бодож байсан юм. Гэхдээ нэг л эвлэж өгдөггүй. Хамаа
замбараагүй, хүслээрээ сараачихаа больчихсон болохоор бодлоо гүйцэж чаддаггүй
байсан гар маань компьютерийн товчлуур дээр хүлээгээд байдаг болчиж.
Ерөнхийдөө гишүүн миний аппаратыг унтраахад дургүй, тэгээд бас зүгээр л
ерөнхий асуулт асуухад дургүй. Яг аль нь вэ, яг юу нь вэ, яг яагаад...гэдгийг
угт нь тултал асуух дуртай. Энэ л зуршилаараа Батчимэг гишүүнтэй УИХ-ын
гишүүдийн ёс зүйн асуудлыг ярихаар халуухан, ширүүхэн ярилцлагаа эхлүүлэхээр
төлөвлөсөн юм. / Батчимэг гишүүн бол УИХ-ын ёс зүйн дэд хорооны дарга/
Эхний асуултаа асуунгуут л гишүүн “Больчих, зогсоочих, аппаратаа унтраачих”
гэлээ. Мэдээж би хүнийг хүндлэх ёстой. Унтраасан, түүнийг сонссон. 30 минутын
турш. Тэр надад учир шалтгаанаа тайлбарласан. Сэтгүүлчдэд тэд тайлбарлаад л
байдаг, тайлбарлаад л байдаг. Гэхдээ миний бодлоор сэтгүүлчдэд тайлбарлаад
байгаа зүйлээ олон нийтэд нээлттэй, илэн далангүй, ярих ёстой юм шиг л
санагдсан.
Миний хувийн бодол бас үзэл хандлага. Аливаа асуудалд нарийн нухацтай, яг
таг хандах ёстой гэж боддог л доо. Энэ утгаараа би түүнээс УИХ-ын гишүүдийн ёс
зүй ямар байна вэ гэж ерөнхий асуухыг төлөвлөөгүй. Харин шууд л нэр цохож
байгаад“Чуулганы танхимд согтуу ирсэн Батбаяр”, “тийм би хоцордог юм гэдэг мода
дэлгэрүүлсэн Дэмбэрэл”, “хар тамхины хэрэгт нэр холбогдсон охинтой учир
ургуулсан гэх Тэмүүжин гишүүн” зэрэг гишүүнд яг ямар хариуцлага тооцсон бэ? гээд
асууж орхилоо. Царай нь хувьсхийж, аппаратаа унтраачих гэснээ, би ёс зүйн дэд
хорооны дарга гэсэн албан тушаалд байгаагийн хувьд өөрөө популизм хийж байгаа
юм шиг бусдыг ёс зүйгүй гэж авирласан гэж тодорхойлж, шүүж чадахгүй гэж байсан
юм. Тийм ээ, хувь хүнийхээ хувьд би түүнийг ойлгож байгаа ч, олон нийт үүнийг
ойлгохгүй. Ёс зүйгүй авирласан гишүүдээ хаацайлж, хариуцлага тооцдоггүй гэж
иргэд шүүмжилдэг. Гэтэл бид үүнийг өөрсдийнхөө байр суурь дээр бодсон ч гэсэн
нэг танхимд, мөр зэрэгцэн суугаа нөхрөө буруу хэрэг хийлээ гээд нийтийн өмнө
шүүж чадахгүй шүү дээ. Гэтэл над шиг нэг нөхөр чи албан тушаалд байгаа учраас
шүүх ёстой гэж шүүмжлэн, шүүж чадахгүй болохоор нь нэг тал болсон, хариуцлага
тооцдоггүй гэж гоочилно. Нэг нь хариулт, хариуцлага нэхэж, нөгөө нь хариулахаас
дүлэгнэж, харин гуравдах нь гэмшингүй эсвэл хэнэггүй дүр гаргана. Ахиад л ийм
явдал болно. Ахиад л энэ дүр зураг давтагдана. Хариуцлагагүй, ёс зүйгүй гэж
гишүүдийг шүүмжлэхийн оронд бид шийдлийг олох ёстой гэж бодогдоно. Бас би хэр
ёс зүйтэй хүн бэ гэж өөрсдийнхөө тухай тунгаах ёстой гэж санагдана.
Чиггүй дайрдаг зангаа,
хурц асуулт асуух гэдгээ хойш тавьж бидний ярилцлага арай өөр байдлаар дахин
эхлэсэн юм. Төлөвлөж, төсөөлж байснаас минь өөрөөр эргэсэн ч, энэ ярилцлага яах
вэ, боломжийн. Гаргах гэсэн санаагаа гаргасан. Бас хэлэх гэснээ ч хэлсэн байх.
Сэтгүүлч болох гэж суралцаж явна даа.
No comments:
Post a Comment