Monday, April 20, 2015

Бойтогны хонхны дууг бид мартах учиргүй
Дөнгөж хөлд орж байгаа бяцхан хүүгийн алхах тоолонгоор бойтогны хонх жингэнэн дуугарна. Тэнтэр тунтар алхаанд торжигнон дуугарах энэ л хонхны чимээнээр ээж аав нь нялх үрээ аюулаас хол байгааг мэдэрнэ...Тэгвэл эртнээс өвлүүлж ирсэн энэ уламжлалыг бид хэдийнэ гээж орхичихоод орчин цагтай хөл нийлүүлэн алхахдаа үр хүүхдийнхээ аюулгүй байдалд хэрхэн анхаарахаа мартаж орхисон уу? Хэдхэн хоногийн өмнө найман настай охин бэлгийн хүчирхийлэлд өртсөн гэх аймшигт мэдээ энэ асуултанд хариулах шиг. Эрийн цээнд хүрч яваа залуу, бяцхан охиныг чихэр, жимсээр хуурч авч яваад аймшигт хэргийг үйлдэж, хэзээ ч арилахгүй сэтгэлийн шархыг үлдээжээ. Хэрвээ тэр охин Монголд биш, Японд амьдарч байсан бол аймшигт хэргийн хохирогч болохгүй байсан байх. Яагаад гэвэл Япончууд хүүхдээ аюулаас хамгаалах хонхны дууг мартаагүй байна. Үр хүүхдээ аюулаас хамгаалах гэсэн япон ээж аавууд, тэдэндээ аюулгүйн хонх зүүж өгдөг байна. Өвөрмөц, содон дуутай энэ хонхны дууг хүн бүр мэднэ. Хэрвээ хүүхэд ямар нэг аюулд орсон бол хонхны дуу 500 метрийн радиус дотор цацагдаж, эргэн тойрон байгаа хүн бүр хүүхдэд тусладаг байна. Энэ мэдээллийг сонсоод бэлгийн хүчирхийлэлд өртсөн гэх наймхан настай охин бодогдож байлаа. Хүүхдийг хүчирхийллээс, аюулаас хамгаалахын тулд том бодлогын баримт бичиг, томоохон хууль хэрэг болохгүй гэдгийг дээрхи жишээ харуулж байна. Харин ч эсрэгээрээ бойтгонд нь хонх уяж өгдөг шиг энгийн алхам, энгийн уламжлал тэднийг аймшигт аюулаас хамгаалж чадна.

2013 онд ЦЕГ-аас гаргасан судалгаагаар 37 хүүхэд бэлгийн хүчирхийлэлд өртжээ. Цагаан цаасан дээр хараар бичиж тунхагласан Хүүхдийн эрхийн конвенц, Хүүхдийн эрхийг хамгаалах тухай, Гэр бүлийн хүчирхийллийн тухай, Боловсролын тухай, тэр ч бүү хэл Эрүүгийн гээд “олон хууль” бэлгийн хүчирхийллийн хохирогч болсон бяцхан охидыг хамгаалсангүй. Нэг хүн, нэг хүүхэд хохирогч болохын хирээр бид хуулиа өөрчилнө, журмаа шинэчилнэ, бодлого, хөтөлбөр боловсруулна гэж хийрхдэг. Гэтэл цаасан дээр баталсан хууль бидний үр хүүхдийг хамгаалж чадаж байна уу? гэдэг эргэлзээтэй. Хий улс төр ярьж, том амлалгүй, зүгээр л бид хандлагаа өөрчлөх хэрэгтэй байна. Ярихын оронд хийх хэрэгтэй байна. Ахиад л гадны улс орноос туршлагаас жишээ татахад Япон улсад эцэг, эх багш нар хүүхдийг цэцэрлэгт байхаас нь эхлээд л “танихгүй хүнтэй ярихгүй байх, тэднийг дагаж явж болохгүй” гэдгийг алхам тутамд нь зааж зөвлөдөг. Хэдий хичээлийн хөтөлбөрт нь тусгаагүй ч, хүүхдэд аюулын тухай анхааруулах нь багш бүрийн заавал хийх ёстой үүрэг болж хэвшсэн байдаг. Энэ л дадал зуршлаараа өглөө бүр хүүхдэд аюулыг сануулснаараа тэднийг хамгаалж чаддаг. Гэтэл бидний дүү нарт, бидний үр хүүхдэд “өөрийгөө хамгаалах чадвар” суусан уу? Энэ байдлыг туршиж үзэхээр цэцэрлэгт тоглож байгаа найман настай хоёр охинтой би яриа өдлөө. Аав ээж, сургууль, тоглож байгаа тоглоомны талаар асуусан асуултанд тэд инээмсэглэн хариулна. “Эгчтэйгээ хамт дэлгүүр явчих, амттай юм авч өгье” гэхэд хүртэл дагаад явах гэж байсан юм. Мэдээж, би энэ хоёр охинд танихгүй хүнийг дагаж явж болохгүй талаар хэлж зөвлөсөөр, бидний яриа дууссан. Танихгүй хүнийг дагаж явж болохгүй гэдгийг ойлголоо гэж хариулсаар үлдэх бяцхан тэр охидын ирээдүй үргэлж гэгээн байх болтугай. Энэ удаад би хоёр охинд аюулын тухай санууллаа. Гэхдээ үүний цаана ахиад өчнөөн олон мянган хүүхдүүд байгаа. Бид тэдгээр бяцхан үрсийг хамгаалахын тулд заавал шинэ хууль батлаж, шинэ бодлого боловсруулж, шинэ хөтөлбөр санаачлах шаардлагагүй юм шиг санагдана. Зүгээр л бид аливаад хандах хандлагаа өөрчилж, ажилдаа сэтгэлээ шингээх хэрэгтэй гэж бодогдоно. Ээж, аавууд, багш нар, сургууль, хороодод ажиллаж байгаа нийгмийн ажилтан, дүүрэг бүрт байдаг хүүхдийн төлөө гэсэн байгууллагын ажилтан гээд олон хүн л ажилдаа сэтгэлээсээ ханддаг болчихвол бидэнд заавал том улс төр хийж, том хууль батлах шаардлага гарахгүй. Ээж аавууд үр хүүхдээ аюулаас хол байлгах гэсэн тэр л чин сэтгэлээр хүүхдийнхээ бойтгонд хонх уяж өгдөг байсан цаг саяхан. Тэр үед бидэнд цагаан цаасан дээр хараар бичиж тунхагласан хүүхдийн эрхийн тухай хуультай байгаагүй. Бид эцэг өвгөдөөс сургаж ирсэн түүхэн уламжлалын дагуу бойтогны хонхны дуунаар  үр хүүхдээ хамгаалж чаддаг байсныг мартах учиргүй. 

Thursday, April 16, 2015

Зээ би чинь шөнө хар дүлээр, дасаагүй цахимбар дээрээ юугаа хийж сууна вэ? Уг нь өнөөдрийнхөө ажлыг, Батчимэг гишүүнтэй ярилцлага хийхэд юу болсон тухайгаа бичье гэж бодож байсан юм. Гэхдээ нэг л эвлэж өгдөггүй. Хамаа замбараагүй, хүслээрээ сараачихаа больчихсон болохоор бодлоо гүйцэж чаддаггүй байсан гар маань компьютерийн товчлуур дээр хүлээгээд байдаг болчиж.
Ерөнхийдөө гишүүн миний аппаратыг унтраахад дургүй, тэгээд бас зүгээр л ерөнхий асуулт асуухад дургүй. Яг аль нь вэ, яг юу нь вэ, яг яагаад...гэдгийг угт нь тултал асуух дуртай. Энэ л зуршилаараа Батчимэг гишүүнтэй УИХ-ын гишүүдийн ёс зүйн асуудлыг ярихаар халуухан, ширүүхэн ярилцлагаа эхлүүлэхээр төлөвлөсөн юм. / Батчимэг гишүүн бол УИХ-ын ёс зүйн дэд хорооны дарга/
Эхний асуултаа асуунгуут л гишүүн “Больчих, зогсоочих, аппаратаа унтраачих” гэлээ. Мэдээж би хүнийг хүндлэх ёстой. Унтраасан, түүнийг сонссон. 30 минутын турш. Тэр надад учир шалтгаанаа тайлбарласан. Сэтгүүлчдэд тэд тайлбарлаад л байдаг, тайлбарлаад л байдаг. Гэхдээ миний бодлоор сэтгүүлчдэд тайлбарлаад байгаа зүйлээ олон нийтэд нээлттэй, илэн далангүй, ярих ёстой юм шиг л санагдсан.
Миний хувийн бодол бас үзэл хандлага. Аливаа асуудалд нарийн нухацтай, яг таг хандах ёстой гэж боддог л доо. Энэ утгаараа би түүнээс УИХ-ын гишүүдийн ёс зүй ямар байна вэ гэж ерөнхий асуухыг төлөвлөөгүй. Харин шууд л нэр цохож байгаад“Чуулганы танхимд согтуу ирсэн Батбаяр”, “тийм би хоцордог юм гэдэг мода дэлгэрүүлсэн Дэмбэрэл”, “хар тамхины хэрэгт нэр холбогдсон охинтой учир ургуулсан гэх Тэмүүжин гишүүн” зэрэг гишүүнд яг ямар хариуцлага тооцсон бэ? гээд асууж орхилоо. Царай нь хувьсхийж, аппаратаа унтраачих гэснээ, би ёс зүйн дэд хорооны дарга гэсэн албан тушаалд байгаагийн хувьд өөрөө популизм хийж байгаа юм шиг бусдыг ёс зүйгүй гэж авирласан гэж тодорхойлж, шүүж чадахгүй гэж байсан юм. Тийм ээ, хувь хүнийхээ хувьд би түүнийг ойлгож байгаа ч, олон нийт үүнийг ойлгохгүй. Ёс зүйгүй авирласан гишүүдээ хаацайлж, хариуцлага тооцдоггүй гэж иргэд шүүмжилдэг. Гэтэл бид үүнийг өөрсдийнхөө байр суурь дээр бодсон ч гэсэн нэг танхимд, мөр зэрэгцэн суугаа нөхрөө буруу хэрэг хийлээ гээд нийтийн өмнө шүүж чадахгүй шүү дээ. Гэтэл над шиг нэг нөхөр чи албан тушаалд байгаа учраас шүүх ёстой гэж шүүмжлэн, шүүж чадахгүй болохоор нь нэг тал болсон, хариуцлага тооцдоггүй гэж гоочилно. Нэг нь хариулт, хариуцлага нэхэж, нөгөө нь хариулахаас дүлэгнэж, харин гуравдах нь гэмшингүй эсвэл хэнэггүй дүр гаргана. Ахиад л ийм явдал болно. Ахиад л энэ дүр зураг давтагдана. Хариуцлагагүй, ёс зүйгүй гэж гишүүдийг шүүмжлэхийн оронд бид шийдлийг олох ёстой гэж бодогдоно. Бас би хэр ёс зүйтэй хүн бэ гэж өөрсдийнхөө тухай тунгаах ёстой гэж санагдана.
Чиггүй дайрдаг зангаа, хурц асуулт асуух гэдгээ хойш тавьж бидний ярилцлага арай өөр байдлаар дахин эхлэсэн юм. Төлөвлөж, төсөөлж байснаас минь өөрөөр эргэсэн ч, энэ ярилцлага яах вэ, боломжийн. Гаргах гэсэн санаагаа гаргасан. Бас хэлэх гэснээ ч хэлсэн байх. Сэтгүүлч болох гэж суралцаж явна даа.

Monday, April 6, 2015


Алсын хараа бүжгэн жүжиг
Төрийн ордонд “Итгэлцэл” нэртэй бүжгэн жүжиг тавигдлаа. Энэ жүжгийн “Алсын хараа” нэртэй 2-р үзэгдэл эхлэхэд их танхимын тайзнаа жүжигчид гарч ирж, үзэгчид нижигнэтэл алга ташлаа. Жүжгийн гол дүрүүд өнгөрсөн болон одоо үеийг төлөөлөн, ирээдүйн тухай ам уралдан ярьцгаана. Мөн тэдний ирээдүйн тухай итгэл мөрөөдлийг сөрж шүүмжлэх, зөвлөн дэмжих туслах дүрүүд ч багтжээ. Энэ жүжгийн хамгийн онцгой дүр бол “тэр”. Тэр гадаад байдал, өмссөн зүүсэн, биеэ авч явж байгаа байдал, ярьж хэлж байгаа нь бусдынхаас тэс өөр.
Алсын хараа үзэгдлийн хөшиг нээгдэх даруй тайзнаа цагаан өнгөтэй зургаан сандал тавьжээ. Эхний сандал дээр инээмсэглэн суух хүн бол өнгөрсөн цагт төрийн эрхийг барьж байсан нэгэн эрхэм. Тэрээр тийм ч ихийг ярихгүй ч, үлдсэн таван хүнийг зохицуулж харагдана. Тиймээс түүнийг “чимээгүй дуу хоолой” гэж нэрлэе. Яагаа гэвэл түүний ярих юм нь надад тийм ч чухал санагдаагүй учраас чимээгүй. Гэхдээ хүмүүсийг зохицуулж байгаа учраас дуу хоолой. Дуу хоолойгийн  зэргэлдээх хоёр сандалд цогтой хоёр хүн сууж байгаа нь одоо цагийн түшээд. Би тэднийг “цогттой нар” гэж нэрлэнэ. Цогттой нарын хажууд нэгэн төрийн эхлэл суужээ. Тэр бол “өнгөрсөн үе”.  Тэгээд улаан хүрэн дээлтэй, урт саарал үстэй “тэр” суусан байна. Харин түүний хажууд хэний ч танихгүй “жижигхэн зөвлөх”. Хоёр цогттой улс эх орныхоо алсын харааны талаар зөгнөсөөр жүжиг эхлэлээ. Өндөр нарийхан цогттой нь улс эх орны алсын харааг лидер хүн тоогоор тодорхойлох ёстой гэж тодорхойлно. Ингэхдээ тэдэн жилийн дараа, улс орноо төчнөөн кг буудайтай, гурилтай, махтай болгоно гэдэг шиг  тодорхой тоог зорилго болгоод, түүндээ хүрэх ёстой гэж хэллээ. Харин энэ үгэнд “өнгөрсөн үе” эгдүүцэх шиг. Улс орны анхны эцгээр сонгогдож байсан энэ хүн өнгөрсөн болоод, одоод хэрэгжиж байгаа олон янзын хөтөлбөрийг дурдаад, энэ бол манай алсын хараа шүү дээ гэж байлаа. Харин энэ үед зааланд шуугиан дэгдээд явчихлаа. Жүжиг үзэж байсан хүмүүс түүнтэй санал нэг бололтой. Шар цамцтай нэгэн эмэгтэй босож ирээд  “Яагаад, яагаад энэ улс орон чинь алсын хараагүй юмуу?” Гээд уурлан бухимдлаа.  Бид, бизнес эрхлэгчид 20-30 жил, цаашлаад 60 жилээр төлөвлөгөө зохиогоод бизнесээ хийе гэхээр л төрийн шийдвэр өөрчлөгдчихдөг. Ингээд бидний бизнест саад болдог. 200,300 саяар хохирдог. Энэ бүхнээс болоод улсад татвараа төлж чаддаггүй. Төр ердөө дөрөвхөн жилийн алсын хараатай гээд уурлан бухимдан жүжгийг орхин гарахад үзэгчид алга ташлаа. Харин энэ үед тайзан дээр суусан жүжигчид мэл гайхан, амандаа бувтнан, ёс төдий үг хэлэх шиг. Анир чимээгүйг эвдэн “тэр” гэнэт үг хэлэхээр зөвшөөрөл хүслээ.

Надад нэг хүн хэлж байсан юмаа...гээд шивнэх шахам эхэлсэн түүний үг танхим даяар цуурай татуулан чангарлаа. Та нар бизнес эрхлэгчдээс авлига шаарддаг улстөрчдөө төрөөс гарга. Энийгээ л больсон цагт алсын хараагаа ярь. Энийгээ болиогүй цагт юун тэр алсыг харах хэмээн дуу хадаан хэлэхэд олон нийт уухайлан алга ташсаар, хөшиг хаагдлаа. Жүжгийн төгсгөлтэй олон нийт санал нийлжээ.

Монгол гэр бүлийг хэрхэн аз жаргалтай болгох вэ? 

Хүмүүс ганцаараа амьдрахыг хүсдэггүй. Тэд эхнэр нөхөр болж, үр хүүхэд төрүүлэн, гэр бүлийн амьдрал зохиовол хамгийн жаргалтай байна гэж боддог. Мэдээж, би ч бас ийм бодолтой.
Гэтэл бид гэр бүлийн амьдрал зохиосныхоо дараа салдаг. Яагаад гэвэл бүх зүйл хэцүү, тэвчишгүй болсон учраас. Бидний энэ бодлыг бас бодит амьдарлыг зарим судалгааны дүн батлаж байна. АНУ-ын коллежийн оюутнуудын дунд явуулсан судалгаагаар 97 хувь нь “Аз жаргалын түлхүүр бол гэр бүлийн дотно харилцаа холбоо” гэж хариулжээ. Харин насанд хүрэгчдийн дөрвөн хүн тутмын нэг нь гэр бүлээсээ салдаг гэсэн дүн гарсан байна. Манай улсын хувьд ч гэсэн жил ирэх бүр гэр бүлээ цуцлуулсан хүмүүсийн тоо нэмэгдэж байна. Үндэсний Статистикийн хорооноос гаргасан судалгаагаар 2014 онд 17,3 мянган хос гэрлэлтээ бүртгүүлж, 3,7 мянган хүн гэр бүлээ цуцлуулжээ. Тус газрын судалгаагаар гэр бүлээ цуцлуулах хүний тоо тасралтгүй өсч байгаа гэсэн дүн гарсан байна. Гэр бүл салалтаас хамгийн их хохирдог хүн бол хүүхэд байдаг. Салалтаас болж хүүхэд эзэнгүйдэж, ганцаардан, гадуурхагдах сэтгэл төрж, өөртөө итгэлгүй болдог байна. Мөн эцэг эхээс хүүхдэд тавих хайр халамж суларч, хүсэл сонирхлыг анхаарахгүй байснаар гаж  зан үйлд татагдах нөхцлийг бүрдүүлдэг гэж байлаа. Гэр бүл салалт гэдэг нь эрэгтэй, эмэгтэй хүмүүс хувь хувийнхаа аз жаргалыг хөөгөөд хүүхдийнхээ ирээдүйн аз жаргал, бүрэн бүтэн байдал, итгэл найдварыг няц гишгээд хоёр тийшээ болохыг хэлдэг. Энэ зүйлээс бид нар зайлсхийх ёстой гэж гэр бүлийн сэтгэлзүйч Наранбаатар хэлж байлаа.
Гэр бүл бол нийгмийн хамгийн бага нэгж. Тэгвэл гэр бүл салалт нь хүүхдэд хамгийн их хохиролтойгоос гадна салж байгаа хосуудад мөн нийгэмд  сөрөг нөлөө үзүүлдэг байна. Тухайлбал тэнэмэл хүүхдүүд олширно,  эмэгтэйчүүдийн үүрэх ачаа нэмэгдэнэ, гэмт хэргийн гаралт өсөж, архидалт, бэлгийн замбараагүй харилцаа, амиа хорлолт нэмэгддэг гээд олон муу үр дагавартай. Ийм үзэгдэл манайд ч гэсэн тохиолдож байна. Жишээ нь Булган аймагт хийсэн судалгаагаар 2014 онд 48 хүн золгүй байдлаар амиа алджээ. Золгүй байдлаар амиа алдсан шалтгааны ихэнхийг гэр бүлийн таагүй харилцаанаас болж амиа хорлосон тохиолдол эзлэж байна. Аз жаргалтай амьдарлын үндэс гэр бүл гэж хариулдаг хүмүүс яагаад хамтын амьдралаа дуусгавар болгож байна вэ? Энэ талаар гэр бүлийн чиглэлээр сэтгэлзүйн зөвлөгөө өгдөг мэргэжилтнүүдээс тодрууллаа.
“Монгол өрх” сэтгэлзүйн хүрээлэнгийн сэтгэл судлаач Баасанбат: Анх амьдарлынхаа ханийг сонгохдоо ямар ч гэр бүл төлөвлөлтгүй харанхуй сонгочихсоноос болоод хоёр тийшээ болдог гэж байна. Эсвэл гэр бүлийн хүн нь архи, мөрийтэй тоглоомонд донтоод нөгөө тал нь хамаг итгэл, найдвар, тэсвэр тэвчээрээ бараад салж байна. Мөн хардалтаас болж байна.  Эсвэл бие биенээ огт ойлгодоггүй гэж хэлж ирэх хүмүүс байна. Яг энэ бүхнийг нарийн судлаад үзэхээр хэн хэн нь амьдарлынхаа түүхийн явцад өнгөрсөн амьдарлаас авсан шарх, айдсаас болоод хэн хэн нь их өөнтөгч, эмзэг, сөрөг талаас ханддагаас болоод салаад байна.
Гэр бүл салалтын шалтгааныг бид тодорхойллоо. Гэр бүл салалт нийгэмд ямар сөрөг үр дагавартайг ч харлаа. Тэгвэл одоо тогтвортой гэр бүлийг бий болгох нь хамгийн чухал. Ингэхийн тулд яах ёстой вэ. Ерөнхий боловсролын сургуулиудад онолыг мэдлэг заагаад байхаасаа илүүтэйгээр амьдрах ухаанд, хувь хүн болж төлөвшихөд сургах хэрэгтэй гэдгийг сэтгэлзүйчид хэлж байгаа юм.
Бас нэгэн өөр судалгааны дүн хэлэхэд эрэгтэйчүүдийн салалт хамгийн өндөр байдаг байна. Яагаад вэ гэвэл гэр бүлээ цуцлуулсан эрчүүд ахин гэрлэж, гэрлэлтээ бүртгүүлэх тохиолдол их байдаг гэсэн дүн Үндэсний Статистикийн хорооноос гаргасан.
Хэрвээ монголын гэр бүлийг аз жаргалтай болгоё гэвэл Монгол эр хүнд анхаарах хэрэгтэй гэж Гал Голомт Үндэсний Хөдөлгөөний тэргүүн Мөнхөө гуай хэлж байсансан. Хамгийн хүнд ачааг хэн  үүрдэг вэ? Эрчүүд үүрдэг юм. Бүтээн байгуулалт, гадны ажиллах хүч гээд хамгийн хэцүү ажлыг эрчүүд хийдэг. Цас зуданд явлаа гэхэд эрэгтэй хүүхэд яваад осгож үхдэг. Энэ мэт хүнд хүчирийг үүрдэг эр хүний боловролыг бид орхигдуулсан. 1990-ээд оны үед 160 гаруй мянган хүүхэд сургууль завсардсаны 70 гаруй хувь нь эрчүүд байдаг гэж Мөнхөө гуай ярьж байлаа. Ийм болохоор эцгийнхээ харцан дор, эхийнхээ халамжинд өссөн Монголын ирээдүйг бэлдэе гэвэл Монгол эр хүний боловсрол, эрүүл мэнд, ёс суртахуунд анхаарах цаг болсон.

Хаа сайгүй сараачиж явдаг би гэдэг хүн өнөөдрөөс эхлэн блогтой боллоо. Тэгэхээр энд тэнд сараачсан элдэв зүйлсээ ийшээ нэгтгээд байх боломжтой болсон гэсэн үг. За тэгээд миний бичих юм гэвэл нийгмийн янз бүрийн сэдэв, өөрийн минь эмзэглэсэн бас баярласан урамшсан асуудал байна байх гэж бодож байна. Миний хувьд сэтгүүлч мэргэжлээр 7 жил ажиллаж байна. Ер нь бол юм бичих их дуртай. Гэхдээ хүслээрээ, сонирхлоороо, нөгөө сэтгэлийн дуудлагаараа гэдэг шиг л бичих дуртай. Харин заримдаа ажил дээр албан хүчээр бичнэ шүү дээ. Тэрэнд бол ёстой дургүй. За тэгээд блогоор минь зочилж, санал бодлоо хуваалцаж байгаарай.