Thursday, November 10, 2016

Сораксан руу явсан миний бяцхан тэмдэглэл


Хажуудаа кофе тавиад компьютерийнхээ ард суунгаа "яаж эхлүүлэх вэ" гэж бодол бололгүй овоо хэдэн сар болжээ. Гэхдээ өнөөдөр тэгэж бодол болохгүй ээ. Зүгээр л санаанд орж ирснээ буулгамаар санагдчихлаа.
Сөүлийн тэнгэр саарал өнгөөр дүнхийж байна. Өнгөрсөн долоо хоногт Сораксан ууланд алхсан өдөр Сөүл яг ийм өнгөтэй байсан болов уу? Өндөр уулын оройг зорьсон тэр өдөр манан будан суунаглана гэдгийг ёстой ч нэг дүрээр нь харсан.
"Өндөр", "өндөг", "өнхрүүш" (үнэндээ өнхрүүш биш өвдөг ч юм уу, бүлтүүш байх. Гэхдээ л өнхрүүш гээд нэрлэчихье), "дарга", "янгир" гээд бид зургаа бямба гарагийн шөнө Сөүлээс хөдөллөө. Яагаад ийм хоч, нэртэй болсныг хожим дуулгая. Ингээд хөөрсөн зургаан нөхөр жижиг машиндаа чихэж аваад дуутай, шуутайхан явсаар шөнийн 3 цагийн орчимд Солонгост өндрөөрөө гуравт ордог Сораксан уулын бэлд ирсэн. Биднийг очиход бороо зүсэрч байв. Хувьтай хүн хур борооноор гэсэн шүү юм яриад  инээд алдан явсан бидний аяллын эхлэл жоохон тоогүй. Байгаль хамгаалагч бололтой нэг нөхөр "бороо орж байгаа учраас уул руу гаргахгүй" гэх ухааны юм тайлбарлаад уналаа. Хүссэн үедээ хотоос гараад хөдөө хээр, уул талаар тааваараа давхидаг Монгол хүнд ердөө л "бороо орж байна" гэсэн шалтгаанаар ууланд гаргахгүй байгаа нь үнэхээр утгагүй санагдав. Уул нь бид уулын орой дээрээс нар мандахыг харах зорилготой байсан юм. Бууж өгөхийг хүссэнгүй. Харанхуйг далимдуулаад сэм сэмхэн хашаа давсаар сүүлийн хүн бэлэн болоход өнөө манаачид баригдаж орхисон. Хэ хэ. Гэхдээ Монгол гэхээрээ л хашаа давсан юм биш шүү. Солонгосууд ч бас давж байсан. Азтай ганц нэг нь амжилттай явсан байх. За ингээд үүр цайж, бороо зогсохыг хүлээхээс өөр аргагүй боллоо.
(Доорхи зургийг Солонгост байгаа гэрэл зураг сонирхогчидоос авчихсан шүү.)
  

Өглөөний 6-8 цаг. Шинэ өглөө бүхэн сайхан байх юм даа.
Сораксан уулын алхалт эхлэдэг гарааны хоёр цэг бий. Нэг цэг нь өнөөх хашаа давж, баригдаж хөглөсөн газар. Энэ хэсгээс алхалт эхлэвэл огцом өндөр хад, асга ихтэй ч туулах зам арай богино гэж  багийн ахлагч "дарга" хэлж байсан. Харин нөгөө цэг нь харьцангуу налуу ч туулах зам урт. Ингээд бид хоёр дахийг сонгож алхалтаа эхэллээ.
Гайхан биширч дуу алдаж байгаагаа бичгээр яаж илэрхийлэхээ мэдэхгүй тийм л үзэсгэлэн бидний угтаж авсан. Өмнө нь харж байгаагүй өвөрмөц хэлбэртэй моддын мөчир. Час улаан навчис, шаргал навчистай уусна. Хэний ч бүтээгээгүй гайхамшигийг байгаль өөрөө бүтээдэг аж. Солонгос, Япон зэрэг орны хүмүүс намар навчис унахыг харахын тулд аялалд гардаг гэдгийг сонсоод гайхаж байсансан. Гэтэл ийм л учиртай байдгийг Сораксанд ирээд ойлгосон юм.
Аяллын хамтрагч "өндөр" бид хоёр баярласан сэтгэлээ нууж чаддаггүй хүмүүс юм шиг байгаан. Навчсыг хараад л дуу алдаж явсаар хоёр цаг өнгөрлөө. Гэтэл яасан гээч. Ахиад өөр ертөнцөд ороод ирэв үү. Миний нутгийн уул хад хурц, шовх хэлбэртэй байдгийг би мэднэ. Харин энд байгаа хадад цайвар бор шаргал өнгөтэй. Мөлгөр. Гэхдээ бас аварга том. Хаддын орой дээрээс хүрхрээ урсана. Хүрхээ үргэлжлэн түргэн урсгалтай гол болон хурдлана. Модод, навчис уулыг үзэсгэлэнтэй болгож байгаа бол  энэ хүрхрээ, голын шуугиан уулын сүр хүчийг илтгэнэ. Энэ бүх үзэсгэлэнгийн яг дэргэд нь зогсож байгаадаа өөртөө бахдан аялал үргэлжилсээр.


Ахиад хоёр цаг өнгөрлөө. Уулын орой болоогүй юу?
Тийм ээ алхалт эхлээд 4 цаг өнгөрлөө. Шилбэ хавиар өвдөж байна. Шөнөжин зүсэрсэн бороо одоо ч зүсэрсэн хэвээр. Уулын бэлээс нэг нэг цув авч өмссөн хэдий ч хамаг хувцас, үүргэвч, заримынх нь гутал норжээ. Гэтэл орой дээрээ хүрээгүй. Зорьсон газраа хүрээгүй болохоор хэзээ буух талаар хэний ч толгойд орж ирэхгүй нь. Ашгүй 5 км газар алхсаны, алхсан ч гэждээ мацсаны эцэст амралтын цэг таарлаа. Хуурай хувцас өмсөж, хоёр хоёр хуушуур идэж хүч сэлбэсэн бид нэг их удалгүй хөдөллөө. Одоо биднийг угтах зам үзэсгэлэнтэй гэхээсээ илүү бартаатай боллоо. Огцом өндөр чулуун замаар явахдаа ууланд алхаад байна уу, хаданд авираад байна уу ч гэж бодох шиг. Зарим хэсэгт нь хавцалын ирмэгээр явж байгаа юм шиг. Эвгүйхэн гишгэвэл түргэн урсгалт гол руу өнхөрчих гээд. Ар араасаа алхах бидний цувааны эхэнд "янгир" явна ккк. Харин ч нэг хөл хөнгөн, энэ хад асга дундуур үсрээд дүүлээд байхаар нь би дотроо "энэ лав урьд насандаа янгир байсан байх аа" гэж бодсон. Тэгээд дунд хэсэгт "өндөр", "өнхрүүш" бид гурав. Энэ аяллын хамгийн чалчаа нь бид гурав. Яриагүй юм байхгүй байх. Заримдаа ч бие биенээ инээлгэсээр байгаад хамаг хүчээ бараад юун өөдөө мацах. Манай цомхон цувааны сүүл хэсэгт "дарга", "өндөг" хоёр. "Өндөг" яагаад ийм хочтой болсныг "дарга" л мэднэ. Өндгийн хувьд анх удаа ууланд алхаж байгаа. Анхных болоод ч тэр үү бэлтгэл тааруу джинсэн өмд, хөнгөн пүүз, нимгэндүү куртка. Гэхдээ манай "өндөг" шантраагүй ээ. Эхлэхээсээ дуусах хүртэл бидэнтэй хамт байсан. Дараа дараагийн 300, 500метрийн өндөртэй уул түүний хувьд юу ч биш байх.
Солонгосын хамгийн өндөр уул 1950м. Харин бидний алхаж байгаа Сораксан уул 1708м. Өндрөөрөө Солонгост гуравт ордог. Монголын маань Богдхан уулын Цэцээ гүний Ноён оргил 2268м. Цэцээ гүний Ноён оргил руу нээх зүдрэлгүй алхчихаж байсан миний хувьд 1700 гайгүй биз дээ гэж бодож байсан. Гэхдээ миний буруу байсныг уул өөрөө надад ойлгуулсан. Газарзүйн мэдлэг дутмаг гэдгээ мэдэх хэдий ч ийм юм тооцоолж чадахгүй ичмээр дамшиг гэдгээ ч бас уулнаас бууж ирээд ойлгосон. Улаанбаатар хот далайн түвшинээс 1300-1350 метрийн өндөрт байгаа бол Сөүл хот бараг л далайн түвшинтэй ойролцоо. Ийм болохоор Богдхан уулын Ноён оргил, Сораксан уулын хамгийн өндөр цэгийн хэмжээг харьцуулж үл болох ажээ. 

Сайн байна уу?

Алхалт эхлээд 5 цаг болжээ. Бид 9 километр зам туулсан байна. Сораксан уулын өндөрлөг хэсгүүдэд хүрсэн. Гэхдээ хамгийн өндөр цэгт очоогүй л байна. Оройд ойртох тусам улам эрч хүч, урам зориг орох шиг. Уулнаас бууж яваа алхагчид "Сайн байна уу" гэж мэндлэнэ. Танихгүй ч гэсэн тэр хүмүүс "одоо хэцүү зам нь эхлэж байгаа, оргил дээр та хэд хононо биз дээ, тэгэхгүй бол буцаад буухад оройтно шүү" гэж санаа тавина. Зарим нэг нь аян замдаа сайн явахыг ерөөнө.  Аялагчдын ерөөлийн үгээр урагшлан асга хад ихтэй хамгийн хэцүү хэсгийг бид давлаа. Энд нэг зүйлийг хэлэхэд Солонгос чийглэг уур амьсгалтай болоод ч тэр үү, хөлөнд орооцолдох ороонги ихтэй, өтгөн ойтой. Манайх шиг моддын дундуур дур дураараа явах боломж байхгүй гэж хэлж болно. Тийм болохоор хад асгаа дагуулан том том чулуугаар жим гаргасан. Жим гаргах боломжгүй хэсэгтээ өндрөөс өндөр төмрөн шат барьсан. Удаан алхсанаас болоод өвдөг чичрэн хөлөө зөөж байгаа бидний хувьд "энэ шатыг барихын тулд ийшээ төмөр үүрээд гарсан тэр хүмүүс яаж явж байсан бол" гэж толгой сэгсэрцгээлээ. Аргагүй л хөдөлмөрч үндэстэн юм даа.  
Хамгийн хэцүү бартаатай зам дуусаж, моддын оройтой бид тэнцлээ. Өндөрт байна шүү дээ. Хүйтэн байх нь аргагүй. Моддын мөчирт цав цагаан хяруу буужээ. Намраар алхаж эхлэсэн бид өвлийн үзэсгэлэнд ойд ороод ирэх шиг. Цааш алхана. Салхи улам ширүүссээр, хүйтнээр хүчтэй үлээсээр бид үүлсийн дэр гараад ирэх шиг. Гэхдээ энэ үүл биш. Манан. Манан ийм үзэсгэлэнтэй байдгийг анх удаа л харах шиг. Сайн байна уу? Уулын оргил минь.  
  
 Бид чадсан 
Өглөө 8 цагаас алхаж эхлээд 14 цагт орой дээр нь гарлаа. Нийтдээ 11.2 км газрыг бид 6 цагт тууллаа. Одоо ахиад энэ хэмжээний замыг туулж байж гэртээ харина. Зорьсондоо хүрсэн юм чинь буухад юухан байхав гэж бодвол том эндүүрэл. Уулнаас буухдаа бид аль болох хурдан алхсан ч, харанхуйгаас урьтаж чадсангүй. Өөдөөс тосох тас харанхуйд гар чийдэнгийн бүдэг гэрэл уусан орж, таван алхмын газар л замаа гэрэлтүүлж байсан. Хав харанхуйнндунд хаддаас урсах хүрхрээ, түргэн урсгалт голын чимээ намайг лав айлгаж, бушуухан л гэрэлтэй газар очихын хүслэн. Зүтгэсээр, урагшилсаар оройн 8 цагийн үед бид уулнаас буулаа. Өглөөхөн биднийг үдэж гаргасан аварга том Будда бурхны хөшөөний өмнө очиж аян замд сайн явуулсанд талархаж бүгд залбиран зогсоход амар тайван, баяр жаргалтай байснаа нуух юун. kkkk 24 цагийн нойргүй аяллын 12 цагт нь алхаж, 20 гаруй км зам туулахдаа цас, бороо, манан гээд цаг агаарыг үл ажран байгалийн үзэсгэлэнг биширч бас ч үгүй өөрсдийгөө сорьсон биднийг "та нар чадсан шүү" гэх ээжийн бас найзуудын магтаал угтлаа. Тийм ээ бид чадсан.

 

                                                       

No comments:

Post a Comment