Туулын шугуйгаас амьдарлаа өөрчилжээ
Туулын шугуйгаас амьдарлаа өөрчилсөн нэгэн
ахтай уулзаж, ярилцаад үнэхээр сэтгэл хөдөллөө. Б.Батбаяр гэх энэ ахтай
ярилцаад зогсож байхад, үе үехэн түүний хоолой чичирч, нүдэнд нь нулимс
цийлэгнэж байгааг хараад би өөрөө ч уйлчихмаар санагдсан. Энэ хүн одоогоос олон
жилийн өмнө цэл залуухан 18 насандаа цэрэгт явнаа гэж хөөрч, наргиж явахдаа,
уурын мунхаг, архины гайгаар хүний аминд хүрчээ. Ингээд эрх чөлөөгөө хасуулж,
ид сайхан залуу насаа, амьдарлынхаа 25 жилийг хорих газар өнгөрүүлсэн. Б.Батбаярыг ял эдлээд гарч ирэхэд түүнийг
тосож авах хэн ч байсангүй. Аргаа бараад архи ууж, траншейнд хоног төөрүүлж,
Туулын шугуйд амьдарч байсан түүнд нэг л өдөр аз ивээл тохиосон байна. Тэрээр
ял эдлэж байсан, орох оронгүй, архичин, ёстой л нэг нийгмийн хог шаар гэж
үзэгдэж явсан үедээ Туулын шугуйд ном бичиж байгаа хүнтэй таарсан нь Тамхи,
архины шалтгаант эмгэг судлалын төвийн тэргүүн Ж.Цогтсугар гуай байжээ.
Ж.Цогтсугар Б.Батбаярыг архинаас гарч амьдарлаа өөрчлөх чин хүсэлтэйг нь мэдээд,
сургалтын төвдөө аваачиж, хичээлд суулган, дэмжиж тусласан байна. Одоо
Б.Батбаяр жолооч, туслах, нярав, нийгмийн ажилтан гээд олон ажил амжуулж байна.
Тун удахгүй хоёрхон сарын дараа ханьтай болж, өрх тусгаарлах гэж байна. Түүнд
тусласан нийгэмлэгийнхэн, хамт олон нь Өвөрхангайн Уянгаас гэр захиалчихсан гэж
байлаа. 18 насандаа эхнэр аваагүй байж, одоо л хүнтэй суух гэж байна даа гэж
ярихдаа хоолой нь чичрэн байлаа. Архи хэмээх гашуун ундаанд тархиа мэдүүлснээс
болж, амьдарлынхаа ид үеийг хорих газар өнгөрөөсөн ч, өнгөрсөн бүхнээс өөрийгөө
татаж авч чадсан тэрээр одоо ирээдүйгээ гэрэлтэйгээр харж байна. Өөрийгөө ялж,
өөрийгөө өөрчилж чадсан энэ ахад өндрөөс өндөр амжилт, аз жаргал, хамгийн сайн
сайхан бүхнийг хүсье. Хэн бүхэн сэтгэл дүүрэн, жаргалтай амьдрах болтугай.